Төсөл: Эрүүгийн хуулиас "Худал мэдээлэл тараах" гэсэн заалтыг хасна

.Graph
2024-12-27

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2024.12.27) УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, Б.Баярбаатар, Д.Энхтуяа, А.Ганбаатар нар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа.

Тус хуулийн төсөлд Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг хасахаар зохицуулжээ. УИХ-аас 2020 онд Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд “худал мэдээлэл тараах” гэмт хэргийг нэмэлтээр оруулсан ба энэ гэмт хэрэг нь “нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан” гэж объектив талын шинжээр тодорхойлогдсон нь 2002 оны Эрүүгийн хуульд байсан “гүтгэх” гэмт хэргээс өргөн агуулга, хүрээг хамарч байна. Дээрх нэмэлтээр уг гэмт хэргийг “олон нийтэд тараасан бол” гэж объектив талын шинжээр нь тодорхойлж, субьектив талын шинжийг бүрхэгдүүлэн, худал мэдээлэл нь “гутаасан, гутаах” зорилго, агуулга, шинжтэй байх эсэхийг бүрэн гүйцэд тодорхойлолгүй орхигдуулж, нэр томьёо, ойлголтын зөрүүтэй байдал үүсгэсэн байна хэмээн хууль санаачлагчид тодотголоо.

Энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу "Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх Үндсэн хуулиар олгогдсон язгуур эрхээ Эрүүгийн хуулийн дөнгөнөөс салгах санаа бүхий хуулийн төслөө өргөн барилаа. Эрүүгийн хуулийн 13.14 буюу “Илт худал мэдээ тараах”-ыг шийтгэсэн заалт бол зөвхөн сэтгүүлчдэд хамаатай биш. 2020 онд Эрүүгийн хуульд оруулсан энэ заалтаар шалгагдсан 828 хүний 42 нь сэтгүүлч, бусад нь цахим орчинд үзэл бодлоо илэрхийлсэн иргэд байгаа юм. Тэр 828-аас 548 хүний асуудлыг шийдсэн. Ингэхдээ 548 хүний 74.5 хувь буюу 408 хүнд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан байна.

Өөрөөр хэлбэл энэ заалт хэргийг шийдэхэд биш хэрэгт татагдсан этгээдийг шүүхгүйгээр залхаан цээрлүүлэхэд л ашиглагдаж байна аа гэсэн үг. Хэрэг үүсгээгүй мөртлөө 3 жил дуудаж байцаасан тохиолдол ч байна. Тэгэхээр энэ заалт бол хохирогчийн нэр төрийг хамгаалах, сэвтсэн бол сэргээх, хохирлыг барагдуулахад ямар ч ач холбогдолгүй, зөвхөн хэрэгт татагдсан хүний мууг үзэх, шаардлагатай бол эрүүгийн ялтан болгож ирээдүйг нь баллах зорилгоор л хэрэглэгдэж байна.

Мэдээж хүнийг гүтгэж, тээж төрсөн үнэт хөрөнгө нэр төр, алдар хүндэд халдаж гутаан доромжилж болохгүй. Энэ тохиолдолд Иргэний шүүхэд хандаж хохирлоо тогтоолгож нэхэмжлэх, нөхөн төлүүлэх боломж одоо мөрдөж байгаа Иргэний хуулиар нээлттэй. Иргэний журмаар явахаар процесс нь дэндүү удаан, тийм учраас Эрүүгийн хуульдаа байх нь зөв гэж ярьдаг хуульчид бий. Процесс удаан тул ялтан болгоё, залхаан цээрлүүлье гэдэг бол утгагүй байр суурь.

Эцэст нь, гүтгэлгийг гүтгэгч биш гүтгэлгэд итгэгчид л хүч оруулдаг гэдгийг хууль тогтоогч бид одоо ойлгохгүй бол нийгмийн оюун санаанд ахиц гарахгүй. Хүн төрөлхтөн мэнд байгаа цагт нэгнийхээ тухай сайн муугаар бодох, түүгээрээ биесээ шүүн хэлэлцэхийг нь хэн ч зогсоож дийлэхгүй. Гагцхүү сонссон, харсан мэдээллийнхээ үнэн эсэхэд эргэлздэг болж, нийтээрээ хэрсүүжихэд бодлогоор нөлөөлж бол чадна. Тиймд хүнийхээ эрх чөлөөг боомилж хариуцлагыг нь булаасан энэ хуулийг өөрчлөх саналыг Их хурлын дэвшилтэт үзэлтэй гишүүд дэмжинэ гэж итгэж байна" хэмээн сошиал хуудаснаа бичжээ. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe