Юн Сог Ёлийг баривчлахаар 120 хүний бүрэлдэхүүнтэй баг ордны гадна хүлээж байна

.Graph
2025-01-03

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёлийг онц байдал зарласантай нь холбогдуулан саатуулах тушаал гарсан билээ. Тушаалыг гүйцэтгэхээр Ерөнхийлөгчийн ордонд ирсэн мөрдөгчдийг ордныг хамгаалж буй цэргүүд нэвтрүүлэхгүй байна гэж цагдаагийн газрын төлөөлөгч мэдээлжээ.

Өндөр албан тушаалтнуудын авлигын хэргийг мөрдөн шалгах газраас /CIO/ хэвлэлийнхэнд мэдэгдэхдээ, Юн Сог Ёлийг баривчлах гэсэн боловч Нийслэлийн батлан хамгаалахын командлалын харьяа цэргийн ангийн алба хаагчид мөрдөгчдийг ордонд оруулахгүй байгаа гэсэн байна. Юн Сог Ёлийг 12 дугаар сарын 3-нд богино хугацаанд онц байдал тогтоосонтой холбогдуулан бослого гаргасан, эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр саатуулах энэхүү тушаалыг гүйцэтгэхэд даваа гараг хүртэл хугацаа бий.

Харин Юн Сог Ёлийг дэмжигчид Ерөнхийлөгчийн ордны гадаа жагсаал зохион байгуулж байна.

Энэ нь CIO-ын ажиллагаанд хүндрэл учруулж байгаагаас гадна Ерөнхийлөгчийн хамгаалалтын албаныхантай мөргөлдөөн үүсгэж болзошгүй байгаа юм. Юн Сог Ёлийг дэмжигчид импичмент зарласныг эсэргүүцэж, түүнийг саатуулахад саад учруулахаар сүүлийн өдрүүдэд тус ордны ойролцоо олон мянгаараа цугларсаар байна. Тэдний заримыг нь цагдаа нар хүчээр тараажээ. Ажиглагчдын үзэж буйгаар, бямба, ням гарагт тушаалыг гүйцэтгэхэд илүү олон хүний эсэргүүцэлтэй тулгарч, даваа гараг гэхэд эцсийн хугацаа дуусахад хэт ойртсон байх болно гэв. 

СIO-гийнхэн Юн Сог Ёлийн шийдвэрийг хамтран шалгахаар цагдаагийн газар болон Батлан хамгаалах яамны мөрдөн байцаах албатай хамтарсан баг байгуулжээ. Тушаалыг гүйцэтгэх баг нь СIO-ын 30 хүн, цагдаагийн 120 албан хаагчаас бүрдсэн бөгөөд тэдний 70 нь ордны гадаа хүлээж байна.

Юн Сог Ёль гурван удаагийн байцаалт авах зарлан дуудах хуудсыг үл тоомсорлосны дараа CIO түүнийг саатуулах зөвшөөрөл хүсэж, Ерөнхийлөгчийн өргөөнд нэгжлэг хийх зөвшөөрөл авсан байна. Харин Юн Сог Ёлийн өмгөөлөгчид тэдгээр зөвшөөрлийг “хууль бус, хүчингүй” гэж нэрлээд, тушаалыг гүйцэтгэхэд хориг тавихыг шүүхээс хүсжээ. Баасан гарагт Ерөнхийлөгчийн өмгөөлөгчдийн нэг Юн Гап Гюн, Ёнхап агентлагт мэдээлэл өгөх үеэрээ, CIO-гийн оролдлогын эсрэг хууль ёсны арга хэмжээ авах болно гэсэн байна.

Хэрэв Ерөнхийлөгчийн хамгаалалтын алба болон Юн Сог Ёлийг дэмжигчид CIO-гийн баривчлах ажиллагааг зогсоохыг оролдвол цагдаа нар тэднийг албан үүргээ биелүүлэхэд нь саад учруулсан хэргээр баривчлах болно гэдгээ мэдэгджээ. Юн Сог Ёль баривчлагдвал мөрдөгчид түүнийг Уйван хот дахь Сөүлийн урьдчилан хорих төвд саатуулах, Сөүлээс өмнө зүгт орших Гвачон хот дахь CIO-гийн төв байранд аваачиж байцаахаар төлөвлөж байна. Ерөнхийлөгчийг саатуулсны дараа CIO түүнийг албан ёсоор баривчлах эсвэл суллахад 48 цагийн хугацаа бий.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe