Боловсролын яамнаас материалаа илгээх боломжтой 5 тэтгэлгийг мэдээллээ

.Graph
2025-01-06

Боловсролын яамнаас Япон, Чех, Орос улсад зарлагдсан тэтгэлгүүдийн талаарх мэдээллийг хүргэлээ. 

1.Япон

Фүкүокагийн эмэгтэйчүүдийн коллеж нь бүс нутгийн боловсрол, соёлын хөгжилд хувь нэмэр оруулах үүднээс Фүкүока мужийн Дазайфү хотод байгуулагдсан коллеж юм. https://www.fukuoka-wjc.ac.jp/

  1. Тэтгэлгийн үндсэн зорилго

Япон Улсад хүнсний технологич, тогоочоор суралцаж төгсөөд эх орондоо болон Японд мэргэжлээрээ ажиллах хүсэлтэй, Азийн улс орнуудын их сургууль, япон хэлний сургуульд япон хэл сурч байгаа оюутан залуусыг тэтгэлэгт хамруулахад оршино.

  1. Тэтгэлэгт хамрагдах хүрээ

Хүнсний технологич, тогоочийн ангийн аль нэгийг сонгон суралцана. Дундаас нь анги солих боломжгүй.

А. Хүнсний технологичийн анги (Сурах хугацаа: 2 жил)

  • Эрүүл мэнд, хүнс шим тэжээлийн факультет. Хүнсний технологичийн анги
  • Хоолны цэс боловсруулах, хоолны технологийг сайжруулах, шим тэжээл, эрүүл хооллолтын дадлыг суулгах хүнсний технологичийг бэлдэх анги.

B. Тогоочийн анги (Сурах хугацаа: 2 жил)

  • Эрүүл мэнд, хүнс шим тэжээлийн факультет. Тогоочийн анги
  • Мэргэжлийн тогооч бэлдэх анги
  1. Тэтгэлгийн дүн

Сургалтын төлбөр (Элсэлтийн хураамж, сургалтын төлбөр, сурах бичгийн төлбөр, оюутны байрны төлбөр): Бүх төлбөрийг сургууль тал даана.

А. Хүнсний технологичийн анги: 2,590,000 иен  (2 жилийн төлбөр 62,160,000₮. 1 иенийг 24₮-өөр тооцов)

В. Тогоочийн анги: 2,710,000 иен (2 жилийн төлбөр 65,040,000₮. 1 иенийг 24₮-өөр тооцов)

  1. Тавигдах шаардлага
  • Сурах хугацаандаа сургуулийн дүрэм журмыг сахих, заасан хугацаанд шаардлагатай кредитийг авч, төгсөх;
  • Төгссөний дараа тус сургуулиас тогтоосон Коохокай группийн эмнэлэг болон байгууллагад 5 жил ажиллах;
  • Дээр дурдсан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд тэтгэлгийн бүх төлбөр эсвэл төлбөрийн зарим хэсгийг буцаан төлөх үүрэг хүлээнэ.
  1. Бусад дэмжлэг
  • Амьдрах зардлын зээл (хүүгүй)
  • Сарын дээд хязгаар 40,000 иен (Японд ирсэн эхний сард 80,000 иен)
  • 2 жилийн хугацааны дээд хязгаар: 1,000,000 иен
  • Эмнэлгийн төлбөрийн хөнгөлөлт (харьяа эмнэлэгт үзүүлэх)
  • Цагийн ажил танилцуулах (сургуулийн харьяа байгууллагуудад цагийн ажил хийх)
  • Онгоцны тийз (Сургуульд элсэн орох үед Монголоос Япон хүртэлх нэг удаагийн нэг талын онгоцны тийзийг сургууль даана)
  • 1 жилийн дотор сургуулиас гарсан тохиолдолд бүх зардлыг буцааж төлүүлнэ.
  1. Бүртгэл: 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл
  2. Тавигдах шалгуур

Боловсрол: Ерөнхий боловсролын 12 дугаар ангиа төгссөн байх.

Япон хэлний түвшин: JLPT N3-аас дээш (N2 түвшин).

  1. Элсэн орох хугацаа: 2025 оны 4 дүгээр сар
  2. Сонгон шалгаруулалт
  • Бичиг баримтын шалгаруулалт
  • Ярилцлагын шалгалт
  • Япон хэлний түвшин тогтоох шалгалт (Бичгээр, эссэ)
  1. Бичиг баримтын бүрдүүлэлт
  • Өргөдөл (шаардлагатай мэдээллийг бөглөж, цээж зургаа наана);
  • Япон хэлний түвшнийг гэрчлэх сертификат (JLPT-д тэнцсэн сертификат, дүнгийн тодорхойлолт);
  • Ахлах сургууль төгссөн гэрчилгээний хуулбар эсвэл их сургууль төгссөн гэрчилгээний хуулбар.
  1. Бүртгүүлэх
  • Өргөдлийн маягтыг khulan0000@gmail.com мэйл хаяг руу илгээнэ.
  • Хавсралт материалыг PDF файлаар илгээнэ. (JPEG, PNG, JIF зурган файлаар хүлээж авахгүй)

Холбогдох утасны дугаар: 80468468

2. Чех

Бүгд Найрамдах Чех Улсын Боловсрол, залуучууд, биеийн тамирын яамнаас чех хэл, соёлыг сонирхон судалдаг оюутан, төгсөгч, багш, ажилтнуудыг дэмжих зорилгоор Слав судлалын Зуны сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийг зарлалаа. Зуны сургалт нь жил бүрийн 7,8,9 дүгээр сард зохион байгуулагддаг ба сургалтын агуулгаас хамааран 3-4 долоон хоног үргэлжилнэ.

Тэтгэлэгт дараах зүйлс багтана. Үүнд:

  • Сургалтын төлбөр;
  • Дотуур байр (өглөөний, өдрийн, оройн хоол багтана);
  • Зуны сургалтын хүрээнд зохион байгуулагдах соёлын арга хэмжээ болон аялалд үнэгүй хамрагдах эрх;
  • Зарим нийтийн тээврийн зардал.

Тэтгэлэгт дараах зүйлс багтахгүй.Үүнд:

  • Олон улсын тээврийн зардал;
  • Виз олголттой холбоотой зардлууд;
  • Даатгалын зардал.

Тавигдах шаардлага 

  • Чех хэл, соёлыг сонирхон судалдаг оюутан, төгсөгч, багш, ажилтан байх;
  • Монгол Улсын иргэн, 18-аас дээш настай байх;
  • Чех хэлний А1 түвшний эсвэл англи хэлний В2 түвшний мэдлэгтэй байх.

БҮРТГЭЛ 2025 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 31-НИЙ ӨДРИЙГ ХҮРТЭЛ ЦАХИМААР ЯВАГДАНА.

https://scholarship.esis.edu.mn/ холбоосоор хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, гарын авлагатай танилцан, цахим өргөдлийг бөглөж илгээнэ. Өргөдөлд дурдсан дараах баримт бичиг тус бүрийг англи хэлээр орчуулсан хувийн хамт PDF (1 файлын хэмжээ 5MB-аас ихгүй байх) хэлбэрээр “баримт бичиг” хэсэгт хавсаргана.

Бүрдүүлэх материал

  • Боловсролын гэрчилгээ, дүнгийн жагсаалтын хамт;
  • Хэлний түвшнийг батлах гэрчилгээ;
  • Гадаад паспортын хуулбар;
  • Зуны сургалтад суралцах хүсэлтээ илэрхийлсэн эсээ (англи эсвэл чех хэлээр 200-аас доошгүй үгтэй байх, монгол орчуулгыг хавсаргах).

Жич: Онлайн бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө ИЛГЭЭХ товч дээр дарж бүртгүүлсэн баримт бичгээ баталгаажуулахыг анхаарна уу.

Бүртгэл дуусах цаг дөхөх тусам системийн ачаалал ихэсдэг тул эрт бүртгүүлэхийг зөвлөж байна. Бүртгэлээс хоцорсон иргэдийг нэмж бүртгэх боломжгүй тул та тогтоосон хугацаанд амжиж бүртгүүлэхийг хүсье.

Бүртгэлийн баталгаажуулалтад баримт бичгийг үнэн зөвөөр байршуулах шаардлагатай. Баримт бичгийг хуурамчаар үйлдсэн тохиолдолд тэтгэлгийн эрхийг хасна.

Бүртгэлийн системтэй холбоотой мэдээллийг 7577-8080 дугаарт ажлын өдөр 09:00-12:00 цагийн хооронд, бүртгэлийн талаарх лавлагаа, мэдээллийг Боловсролын яамны 51-263594 дугаарт холбогдож авна уу. Зуны сургалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг БНЧУ-ын Боловсрол, залуучууд, биеийн тамирын яамны цахим хуудас болох https://www.msmt.cz/-аас авах боломжтой.

3. Чех

Бүгд Найрамдах Чех Улсын Боловсрол, залуучууд, биеийн тамирын яамнаас их, дээд сургуулийн багшийн чадавхыг нэмэгдүүлэх, туршлага солилцох зорилгоор 1 сарын хугацаатай багш солилцооны хөтөлбөрийг зарлалаа.

Тэтгэлэгт дараах зүйлс багтана. Үүнд:

  • Сургалтын төлбөр
  • Амьжиргааны зардал
  • Дотуур байр (өглөө, өдөр, оройн хоол багтана)

Тэтгэлэгт дараах зүйлс багтахгүй болохыг анхаарна уу. Үүнд:

  • Олон улсын тээврийн зардал
  • Виз олголттой холбоотой зардал
  • Даатгал

Тавигдах шаардлага 

  • Дээд боловсролын байгууллагад багшаар ажилладаг байх.
  • Англи хэлний В2 түвшний мэдлэгтэй байх

Бүртгэл

БҮРТГЭЛ 2024 ОНЫ 12 ДУГААР САРЫН 26-НААС 2025 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 31-НИЙ ӨДРИЙГ ХҮРТЭЛ ЦАХИМААР ЯВАГДАНА.

https://scholarship.esis.edu.mn/ холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, илгээх гарын авлагатай танилцан, өргөдлийг бөглөж илгээнэ. Өргөдөлд дурдсан дараах баримт бичиг тус бүрийг англи хэлээр орчуулсан хувийн хамт PDF /1 файлын хэмжээ 5MB-аас ихгүй байх/ хэлбэрээр “баримт бичиг” хэсэгт хавсаргана.

Цахим бүртгэлийн системд байршуулах баримт бичиг:

  • Өргөдөл – (Энд дарж татаж авна уу);
  • Төгссөн сургуулийн диплом;
  • Ажиллаж буй байгууллагын тодорхойлолт;
  • Гадаад пасспорт;
  • Англи хэлний B2 түвшний мэдлэгтэй болохыг батлах нотолгоо;
  • Цагдаагийн бичиг (E-Mongolia системээс татсан хувь).

Бүртгэлийн баталгаажуулалтад баримт бичгийг үнэн зөвөөр байршуулах шаардлагатайг анхаарна уу. Баримт бичгийг хуурамчаар үйлдсэн тохиолдолд тэтгэлэгт хамруулахгүй болно.

  • Бүртгэлийн талаарх лавлагаа, мэдээллийг Боловсролын яамны 51-263495 дугаарт холбогдон авч болно.
  • Солилцооны хөтөлбөртэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг БНЧУ-ын Боловсрол, залуучууд, биеийн тамирын яамны цахим хуудас https://www.msmt.cz/ -наас авах боломжтой.

4.Чех

Боловсрол, шинжлэх ухаан, залуучуудын салбарт хамтран ажиллах тухай Монгол, Чех хоёр улсын Засгийн газрын хэлэлцээрийн хүрээнд Бүгд Найрамдах Чех Улсын их, дээд сургуульд 2-9 сарын богино хугацааны туршлага судлах сургалтын тэтгэлэг зарлагдлаа.

Нэг. Тавигдах шаардлага 

  • Бакалавр: Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 1, 2 дугаар ангид 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа иргэн.
  • Магистрант: Бакалаврын зэрэгтэй, 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй, 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай, 35 хүртэлх насны.
  • Докторант: Магистрын зэрэгтэй, 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй, 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай, 45 хүртэлх насны.

Хоёр. Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газрын тэтгэлэгт дараах зүйлс багтана:

  • Сургалтын төлбөр
  • Амьжиргааны зардал
  • /Дотуур байр, даатгалыг оюутан өөрөө хариуцна/

Гурав. Бүртгэл

БҮРТГЭЛ 2024 ОНЫ 12 ДУГААР САРЫН 26-НААС 2025 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 31-НИЙ ӨДРИЙГ ХҮРТЭЛ ЦАХИМААР ЯВАГДАНА.

https://scholarship.esis.edu.mn/ холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, илгээх гарын авлагатай танилцан, цахим өргөдлийг бөглөж илгээнэ. Өргөдөлд дурдсан дараах баримт бичиг тус бүрийг англи хэлээр орчуулсан хувийн хамт PDF /1 файлын хэмжээ 5MB-аас ихгүй байх/ хэлбэрээр “баримт бичиг” хэсэгт хавсаргана.

Дөрөв. Цахим бүртгэлийн системд байршуулах баримт бичиг:

Бакалавр, магистрын хөтөлбөрт бүртгүүлэх иргэд:

  • Өргөдөл – (Энд дарж татаж авна уу)
  • Тодорхойлох захидал (2 багшийн);
  • Бакалаврын зэрэгт суралцах оюутан бүрэн дунд болон түүнээс дээш боловсролын гэрчилгээ, дүнгийн жагсаалтын хамт;
  • Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн суралцагч байх тохиолдолд нэмэлтээр дүнгийн хуулбар;
  • Суралцах төлөвлөгөө /англи хэлээр 200-аас доошгүй үгтэй байх, монгол орчуулгыг хавсаргах/;
  • Гадаад пасспорт;
  • Англи хэлний B2 түвшний мэдлэгтэй болохыг батлах нотолгоо;
  • Цагдаагийн бичиг (E-Mongolia системээс татаж авах боломжтой);
  • Чех Улсын дээд боловсролын байгууллагын хүлээн авах/тэнцсэн тухай албан бичиг - хүлээн зөвшөөрөгдсөн гэсэн урилга (Acceptance letter).

Докторын хөтөлбөрт бүртгүүлэх иргэд:

  • Өргөдөл – (Энд дарж татаж авна уу)
  • Тодорхойлох захидал (Багш-1, ажлын газар-1);
  • Дээд боловсролын зэргийн дипломууд, тэдгээрийн дүнгийн жагсаалтын нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • Англи хэлний B2 түвшний мэдлэгтэй болохыг батлах нотолгоо;
  • Суралцах төлөвлөгөө /англи хэлээр 500-аас цөөнгүй үгтэй байх, монгол орчуулгыг хавсаргах/;
  • Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт (Докторын сургалтад өргөдөл гаргах иргэд зайлшгүй хавсаргах, магистрын сургалтад өргөдөл гаргах иргэд хавсаргах шаардлагагүй ч хавсаргавал давуу талтай);
  • Гадаад пасспорт;
  • Цагдаагийн тодорхойлолт (Е-Mongolia системээс татаж авах боломжтой);
  • Чех Улсын дээд боловсролын байгууллагын элсэлтийн урилга, багшийн урилга зэрэг тухайн элсэн орох сургуулиас олгогдох элсэлтийн материал (Acceptance letter).

Жич: Онлайн бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө бүртгүүлсэн баримт бичгийг ИЛГЭЭХ товч дээр дарж баталгаажуулахыг анхаарна уу.

Бүртгэл дуусах цаг дөхөх тусам системийн ачаалал ихэсдэг тул эрт бүртгүүлэхийг зөвлөж байна. Бүртгэлийн системтэй холбоотой мэдээллийг 7577-8080 дугаарт 09:00-12:00 цагийн хооронд, бүртгэлийн талаарх лавлагаа, мэдээллийг 51-263495 дугаарт холбогдож авна уу.

Бүртгэлээс хоцорсон иргэдийг нэмж бүртгэх боломжгүй тул та тогтоосон хугацаанд бүртгүүлэхийг хүсье.

Бүртгэлийн баталгаажуулалтад баримт бичгийг үнэн зөвөөр байршуулах шаардлагатай. Баримт бичгийг хуурамчаар үйлдсэн тохиолдолд тэтгэлгийн эрхийг хасна.

БНЧУ-ын Дээд боловсролын байгууллагуудын талаарх мэдээллийг www.studyin.cz, сургалтын хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://regvssp.msmt.cz/registrvssp/csplist.aspx  сайтаас авах боломжтой.

5. ОХУ

2025-2026 оны хичээлийн жилд Оросын Холбооны Улсын Засгийн газрын тэтгэлгээр тус улсад суралцах хүсэлтэй иргэдийг бүртгэж байна.

Бүртгэл эхлэх: 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдөр

Бүртгэл дуусах: 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр

Тэтгэлэг горилогч дараах бичиг баримтыг бүрдүүлэх шаардлагатай. Үүнд:

  • Гадаад пасспорт (хүчинтэй хугацаа 2027 оны 03 дугаар сарын 1-нээс хойш байх);
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, хавсралтын хамтаар (ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн суралцагч дүнгийн жагсаалтаа сургуулийн захирлаар баталгаажуулж ирүүлнэ)

Тэтгэлгийн сонгон шалгаруулалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг “Русский Дом в Улан-Баторе” (Оросын шинжлэх ухаан, соёлын төв) Facebook цахим хуудаснаас авна уу. /https://www.facebook.com/RussianhouseMongolia/posts/972786938225279/

Лавлах утас: 11-454600, 11-453890 

Мэдээллийн эх сурвалж: «Гадаадын иргэдэд зориулсан Оросын Холбооны Улсын боловсрол» улсын нэгдсэн мэдээллийн систем: education-in-russia.com

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe