А.Удвалын санал болгож буй 5 ном

Б.Сувданзаяа
2025-01-06

Graph.mn сайтын "Санал болгох 5 ном" буланд А.Удвал оролцож, 5 ном санал болгож байна. Тэрээр Lanzhou jiaotong university-д бизнес удирдлага мэргэжлээр 2022 онд төгссөн. Одоо хувиараа байгууллагуудад маркетер хийдэг. Ukasbookclub-ийн үүсгэн байгуулагч бөгөөд номын клубээ анх 2022 онд “Амьтны ферм” номоор эхлүүлж байжээ.

1. Хойт насандаа учирна

Хайр өөрийн болгож байж л хайр болдог уу? Өөрийн болгож чадаагүйгээс болоод үзэн ядалт болж хувирах боломжтой юу?  Үзэсгэлэнтэй бүсгүйд дурласнаас болоод жирэмсэн эхнэр байтугай хүүхдээ ч харахад жигшмээр санагдах залууг юу тийм сэтгэлтэй болгодог бол? Эмэгтэй хүн сээтгэнэх буруу зүйл үү? Маш хэцүү асуултууд, энд 100% үнэн, нэг тал гэж байхгүй учраас номыг уншсан хойноо та өөрөөсөө нэг асуугаад үзээрэй. 

Монгол хэлний уран тансаг бичиглэлээс нь таашаал авсан ном. Эрэгтэй зохиолч хэр нь эмэгтэй хүний бодол, ухааныг гаргаад биччихсэн. Тухайн цаг үеийн түүх, хайр, хүсэл тачаал, хүмүүжлийн тухай гайхалтай бичигдсэн зохиол. 

2. Карамазовын хөвгүүд

Ах дүү гурав, ааваар нь дамжуулж хүн төрөлхтөнд байдаг бүхий л зан чанаруудыг харуулсан. 

Хариултаа амархан өгөхгүй ном доо. Гэхдээ уншаад дуусахад хүн төрөлхтний бүхий л ааш араншинг мэддэг болчихсон, тэр бүгдийг зүгээр л хүлээн зөвшөөрчихсөн, юуг ч өөрчлөх, өрөвдөх, үзэн ядах хэрэггүй, бид бусдыг өөрчлөхийг, ятгахыг хэд хүсээд тэр хүн өөрөө хүсэхгүй бол гарз л болох юм даа.

3. Цагаан хоолтон

Харахад их гэгээлэг ном шиг харагдаж байгаа биз? Уншиж дуусаад Улаанбаатарын утаагаар амьсгалж байгаа юм шиг л мэдрэмж төрнө дөө.

Эмэгтэйчүүд нөхрөө яаж сонгодог юм бол? Аавынхаа зодуураас айж зугтаж хүссэн бүхнийг хийдэг байсан дүү нь нөхрийнхөө хүссэн бүхнийг л хийж байвал болох нь тэр. Аавын хүчирхийллээс зугтаж чадалгүй, дуугарсан бүхэн нь алганы амт болж ирдэг эгч нь хэзээ ч мэдрэмжээ хуваалцдаггүй, өөрийнхөө дуртай зүйлийг ч мэдэхгүй нэгэн болж хувирна даа. Хүчирхийлэл зөвхөн гэр бүл биш нийгэм ч байж болдог гэдгийг санаарай. 

4. Бичихүйн тухай

Баримтат зохиол дундаас хамгийн шилдэг орчуулгатай, найруулгатай ном. Одоогоор Стивен Кингээс илүү зөвлөгөө өгсөн хүн надад байхгүй. Номыг уншиж байхдаа түүнтэй нэг өрөөнд ороод ярилцаж байгаа мэдрэмж өгсөн, энэ нь ч түүний зорилго байсан. Хайр, амьдрал, донтолт, бичихүйн тухай зөвлөгөөнүүдийг сэтгэл зүрхнээсээ хуваалцаж байгаа нь мэдрэгддэг ном. 

5. Золгүй эхлэл

Байнга хүнд ном уншаад байж болохгүй шүү. Доторх хүүхдээ ч бас анхаараарай. Хүүхдийн ертөнцөд оруулж, сэтгэл хөдөлгөдөг ном. Дүүрэн адал явдал, унших явцдаа хүүхэд шиг баярлаж, хөөрч, гуниглаж, хүүхдүүдийн мэдрэмжийг, өөрийн бага насаа мэдэрч хэсэг бодит ертөнцөөс тусгаарлагдана. Тэгж нэг зүйлдээ анхаарч, дотор нь орох нэг төрлийн бясалгал болдог.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe