Монголын уулчин Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нар 2024 оны тавдугаар сарын 13-ны өдөр Эверестийн оргилд гараад буух замдаа осолдож, амиа алдсан харамсалтай явдал болсон.
Уг эмгэнэлт явдлын дараа ОУХМ Л.Пүрэвсүрэнгийн нагац эгч МУСТА Ч.Түмэндэмбэрэл тэдний гэгээн дурсгалд зориулан “Дээдсийн зарлигтай тэнгэрлэг хөвгүүд” номыг эрхлэн гаргажээ. Уг номд 56 найрагчийн уулчдад зориулсан бүтээл орсон бөгөөд бүтээл бүрийг давхар монгол бичгээр хувилан буулгасан байна.
Уулын хүү ууландаа л мөнхөрсөн
Уудам хөх тэнгэртэй нисэж мөнхөрсөн
Сансарын их хязгаарт үрэх
Сарьдаг өндөр уулсынхаа хан оргилд мөнхөрсөн
Сар нар хоёрын гэрэл гэгээнд мөнхөрсөн
Салхи исгэрч үлээсэн ноён оргилд мөнхөрсөн
Наран ээж түүнийг алган дээрээ тосоод
Намхан эмээ ээжид нь үнсүүлэхээр аваад явчихсан…
Хаянхярваагийн Алагаа /Говь-Алтай/
Ийн хоёр уулчны араас үгийн шүр хэлхсэн монгол орны өнцөг булан бүрд суугаа яруу найрагчдын бүтээлүүдийг тус номд баринтаглан, мөнхөлжээ.
Тус номын хурим 2025 оны нэгдүгээр сарын 8-ны 17:00 цагт Дэнжийн 1000 дахь Хүчит шонхор захын замын урд “Нарлаг дэнж” төвийн 4 давхарт болох аж.
Уулын спортод хайртай хэн бүхнийг уг номын нээлтэд хүрэлцэн ирэхийг талийгаачдын ар гэрээс хүссэн байна.
Сэтгэгдэл үлдээх