Өнгөрсөн оны 11 сард НИТХ-аас орон сууцны асуудал эрхэлсэн хоёр компанийг байгуулж байсан. Тодруулбал, НИТХ-ын 11 сарын 29-ны өдрийн хуралдаанаар “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК, “Сэлбэ 20 минут хот корпорацn” ХХК гэх хоёр байгууллагыг байгуулсан бөгөөд тус байгууллагууд нь гэр хорооллын дахин төлөвлөлтийг хариуцан хэрэгжүүлэх чиг үүрэгтэй гэнэ.
Тэгвэл “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн захирлаар НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөөг томилжээ.
Тус компани нь гэр хорооллыг орон сууцжуулах, хот дахин төлөвлөх үйл ажиллагааны хүрээнд эрх бүхий байгууллагын шийдвэрийн дагуу хэрэгжүүлэхээр даалгасан, түүний нөлөөлөлд өртсөн эзэмшигч, өмчлөгч этгээдийг түр суурьшуулах, орон сууцаар хангах,нөхөх, нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэх эрх бүхий байгууллагын шийдвэрийн дагуу хот дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны төслийг шилжүүлэн хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий ОНӨХХК бөгөөд Баянхошуу, Толгойт, Дэнжийн мянга дэд төвүүдийн гэр хорооллыг орон сууцжуулах төслийг хариуцан ажиллах гэнэ.
Нийслэлд уг нь “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК, “Нийслэлийн орон сууцны бодлогын газар” гэх хоёр ч харьяа байгууллага байдаг. Үүн дээр ийнхүү 2 ижил үүрэгтэй компани нэмэгдэж, төрийн данхар бүтцийг улам томрууллаа.
Дөрвийн дөрвөн ойролцоо чиг үүрэгтэй байгууллагатай болсон нийслэлийн удирдлагууд гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг 2 дахин илүү хурдаар хийж чадах уу, гэр хорооллыг тойрсон агаар, орчны бохирдлыг бууруулж чадах уу гэдгийг татвар төлөгч бид хараад хүлээх л үлдлээ.
Сэтгэгдэл үлдээх