Төвөдөд газар хөдөлсний улмаас 53 хүн амиа алджээ

.Graph
2025-01-07

БНХАУ-ын Төвөдийн өөртөө засах орны Шигазе хотын Динри хошуунд өглөөний 10:00 цаг орчимд 6,8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.  Одоогийн байдлаар 53 хүн амиа алдаж 62 хүн гэмтэж бэртэж, 1000 гаруй байшин барилга их бага хэмжээгээр эвдэрч сүйдсэн байна.

Хятадын газар хөдлөлтийн судалгааны газрын мэдээлснээр газар хөдлөлтийн голомт нь хойд өргөргийн 28,5 градус, зүүн уртрагийн 87,45 градуст, 10 км гүнд болсон байна. Энэ үйл явдал болсны дараа БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин гамшгийн уршгийг арилгахын тулд 2-р зэргийн яаралтай тусламжийн ажиллагааг эхлүүлж, Ерөнхий сайдын орлогч Жан Гуочинг тус бүс нутагт ажиллаж байна.

Хятадын CCTV-ийн мэдээлснээр газар хөдөлсөн бүс нутагт 1500 гаруй гал сөнөөгч, аврагч нарыг дайчлан ажиллуулж байгаа бөгөөд Майхан, хүрэм, хөнжил эвхдэг ор зэрэг гамшгаас аврах 22 мянга орчим эд зүйлс, өндөр газар, хүйтэн бүс нутагт ажиллахад шаардлагатай тусламжийн хэрэгслүүдийг газар хөдлөлтөд нэрвэгдсэн бүс нутагт илгээжээ. Газар хөдлөлтийн голомт нь 20 км-ийн радиус дотор 6900 орчим хүн амтай Динри хошууны Цого сууринд байсан. Энэ бүсэд 27 тосгон байдаг. Албан ёсны мэдээллээр Динри хошуу нь 61 мянга гаруй хүн амтай ажээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe