Тун удахгүй дахин тэргүүн хадагтай болох гэж буй Меланиа Трампын тухай баримтат киног видео стриминг үйлчилгээний “Amazon Prime Video” компани энэ оны сүүлээр стримээр болон кино театруудаар гаргах тусгай зөвшөөрөл авсан хэмээн мэдэгдлээ.
Баримтат киноны зураг авалт өнгөрсөн 11 сараас эхэлсэн бөгөөд “Rush Hour”, “X-Men Last Stand”, “Red Dragon” зэрэг олон арван блокбастер кинонуудыг найруулсан найруулагч Бретт Рэтнер ажиллах юм. Мөн гүйцэтгэх продюсероор нь намтар киногоор мэргэшсэн Аргентиний Фернандо Суличинийг урьжээ. Баримтат киног өнгөрөгч онд худалдаанд гарсан Меланиа Трампын дурсамж номноос сэдэвлэн бүтээхээс гадна Словени бүсгүйн урьд өмнө хэзээ ч олны хүртээл болоогүй өвөрмөц түүхийг үзэгчдэд хүртээл болгоно хэмээн мэдэгдсэн юм. Дээр нь Меланиа Трамп өсвөр насандаа уран барилга дизайнер мэргэжлээр суралцаж байгаад төгсөлгүй шууд Милан хотыг зорьж загвар өмсөгч болсон талаар мөн 2000-аад оны үед сэтгүүлийн нүүрэнд нүцгэн зургаа авхуулж байсан, бизнесмен Трамптай танилцаж тэндээсээ тэргүүн хадагтай болсон талаар уг баримтат кинонд өгүүлнэ.
Сэтгэгдэл үлдээх