Б.Гэрэлтцолмон: Манай тамирчид гаднынхнаас дутахгүй

Ц.Чимэдцэеэ
2025-01-07

Волейболын үндэсний дээд лигийн гуравдугаар тойргийг 16 хожил, 1 хожигдолтой үргэлжлүүлж буй “SG Hawks” багийн тамирчин Б.Гэрэлтцолмонтой ярилцлаа.

Ярилцлагыг зургаар харах бол энд дараарай.

Тэмцээний үеэр илүү хурц болдог

-Тэмцээний сонин сайхан юу байна, эсрэг багуудаас хамгийн хүчтэй өрсөлдөгч аль нь вэ?

-Бэлтгэлээ хийгээд, тэмцээндээ оролцоод явж байна. Бүх багууд адилхан байгаа байх. Хамгийн хүчтэй өрсөлдөгч бол Хасу Мегастарс. Манай хоёр оноо дээр доороо, хэсгийн нэгээр үү, хоёроор уу гэдгээ үзэж байгаа багууд.

-Тэмцээн эд дундаа өрнөж байна. Энэ үеийн болон энгийн үеийн тамирчны сэтгэл зүй ялгаатай юу?

-Шал өөр л дөө. Манайх сэтгэл зүйчтэй ажилладаг. Сэтгэл зүйчтэйгээ ярилцана. Илүү хурц болдог.  Өөр болох ч ёстой байх.

-Тэгвэл яг талбай дээр гаргадаг сэтгэл хөдлөлүүд энгийн үеийнхээс нь өөр байдаг уу?

-Миний хувьд лав талбай дээр өөр. Энгийн үед илүү даруухан талдаа. Талбай дээр бол яг л өөрийнхөө дотор юу мэдэрч байна, оноо авлаа гэж бодоход орилмоор санагдаад, орилбол надад илүү дээр байдаг.

-Танай багийн хувьд 17 тоглолтоос 16 хожсон байна. Хэтэрхий олон хожоод байхаар биеэ тоомоор санагдаж байна уу?

-Үгүй шүү дээ. Тийм юм байхгүй. Яг хийх юмаа хийгээд л явж байгаа. Манай багийн хувьд лав бүх тамирчин л тийм байх.

Барахгүй бол багт нь ор

-Яагаад волейболоор хичээллэх болов, багаасаа хичээллэсэн үү?

-Манай өвөө тоглодог байсан юм. Би бүр багадаа анх бүжиглэдэг байлаа шүү дээ. Дараа нь өсвөр насандаа Бадминтон буюу агаарын теннис тоглож байсан. Тэгээд нэг өдөр л волейболынхоо багшид чихдүүлээд заал руу орж байсан даа. Одоо бол арваад жил энэ спортоор хичээллэсэн байна.

-Аль дунд сургуулийг төгссөн юм бол?

-Эрдэнэт хотын “Эрдэм” ахлах сургуулийг төгссөн. Ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуульд сурч байгаад шилжиж байсан.

-Үндэсний дээд лигийн SG Hawks багт ямар шалгуурыг давж орсон бэ?

-Би жишээ нь Эрдэнэтээсээ тоглодог байсан. Тэгж байхдаа энэ клубдээ харагдаад, надад санал тавьсан юм. Эрдэнэтээс тоглодог байхад  “SG Hawks” баг “Өмнөговь Шанх Транс” нэртэй, манай багтай тоглоод, би хожигдож байлаа. Тэгээд л “барахгүй бол багт нь ор” гээд орсон доо.

Баг дотор ч цагаахан өрсөлдөөн байх ёстой

-Баг дотроо өрсөлдөөн байдаг уу, тийм бол чиний хувьд хамгийн хүчтэй өрсөлдөгч хэн бэ?

-Байгаа шүү дээ. Байрлал тус бүртээ. Бэлтгэл дээр хэн сайн хичээж байна, тэр талбайд гардаг. Тэгэхээр цагаахан өрсөлдөөн бол байх ёстой. Өрсөлдөхгүй бол худлаа. Миний хувьд Томас(Tomas Lescay Favier) гээд лигонер тамирчин маань байна, Чойжоо(О.Чойжилсүрэн), Бикү(Н.Билгүүн) бол хамгийн хүчтэй өрсөлдөгч юм байна.

-Тэгвэл баг дотроо хэнтэй хамгийн дотно нөхөрлөж, хүндэлдэг вэ?

-Би бол багтаа нэлээн ахмад нь. Эдди(Ж.Энх-Эрдэнэ), Зобо(О. Золбоо), Суурь(Б.Батсуурь), Чойжоо(О.Чойжилсүрэн) дөрөв надаас ах. Бусад нь надаас дүү хүмүүс байдаг. Тэгэхээр энэ дөрвийгөө тодорхой хэмжээнд илүү хүндэлж, нөхөрлөдөг.

-Тамирчны хувьд өөрийн ирээдүйн карьераа хэрхэн харж байна вэ?

-Бэлтгэл бэлтгэл л юм билээ. Бэлтгэлээ сайн хийх л юм бол ямар нэгэн байдлаар хичээсэн хүндээ хариуг нь өгөх байлгүй дээ гэж боддог. Томоор харвал гадагшаа явж тоглоод, тухайн тэмцээнээсээ шагналт байранд шалгарах ч юм уу, шигшээ багтайгаа л илүү том зүйлд хүрэхийг зорилгоо болгож хардаг.

Багийн спорт ирээдүйд илүү амжилт үзүүлнэ

-Манай улсын баг тамирчид дэлхийн бусад орнуудын тамирчдаас юугаараа дутуу юм шиг санагдаж байна вэ?

-Ямар хэцүү асуулт вэ. Би бол монгол тамирчдыг дутуу гэж боддоггүй. Манайхан чинь эхнээсээ гадагшаа гараад эхэлчихсэн. Б.Батсуурь гэхэд л дөрөв, тав, зургаан оронд тоглочихсон. Ж.Энх-Эрдэнэ байна. Бас л Солонгост удаж байгаад ирсэн шүү дээ. Б.Баярсайхан байна, Т.Хангал бас гадаадад байгаа. Тэгэхээр тамирчид бол асуудалгүй. Харин менежмент, бэлтгэл хийх арга барил талаасаа анхаарвал илүү зүгээр санагддаг.

-Сүүлийн үед үзэгчид волейболоос илүү сагсан бөмбөгийг таашаах болсон юм шиг?

-Тийм үү? Надад эсрэгээрээ санагддаг. Одоо волейболыг хүүхдүүд, багачууд илүү их сонирхон үзэж байна. Сагс бол угаасаа л байсан шүү дээ. Би ч гэсэн багадаа сагс тоглоод өссөн. Сагс үздэг л байсан. Гэхдээ одоо бол хүүхдүүд ихэнх нь гадаа бөмбөгөөр харилцаад л, хаана ч очсон тийм байдаг. Тэгэхээр волейболыг илүү үздэг байх. Ноднингийн лиг ч гэсэн Степпе Аренаг дүүргэж байсан. Бүр шатаар нь суусан байсан. Тэгж үзэж байгаа юм чинь.

-Тэгвэл сүүлийн үеийн багийн спортын хөгжил тамирчны хувьд хэрхэн мэдрэгдэж байна?

-Нэгдүгээрт үзэгчид шүү дээ. Хүн үзэж байж л спорт хөгжинө. Монголчууд ганцаарчилсан жудо, чөлөөт зэрэг төрөлд илүү сайн байдаг л даа. Гэхдээ багийн спорт ч гэсэн дутахгүй байх гэж боддог. Ирээдүйд илүү амжилт үзүүлэх байх.

Эргэлтийн мөчүүдэд хайртай

-Тоглолтууд дундаасаа яг тэр мөчид тэгдэг байж дээ гэсэн харамсал төрж байсан тохиолдлоосоо хуваалцаач?

-Ноднингийн лигээр “Натур Бакс” багтай манайх 5 гараад, эхлээд Натур 2 хожсон, манайх 2 хожигдсон байсныг барьж авч байсан юм. Сүүлийн хорин хэд дээр би гадаа хоёр цохьчихсон байдаг юм. Тэр үед бол ёстой... аймаар хэцүү. Тэгж манайх хожигдож байсан. Тэгээд аваргаа алдаж байлаа. Бэлтгэл дээр хийж байсан юм байхгүй юу. Гарч ирээд л хаалтнаас гаргаад, 1 рүүгээ эргэж цохидог. Чадаад байсан юм би. Яг түүгээрээ, ямар ч сандрал байхгүй шүү дээ гэхдээ. Гарч ирээд л цохисон. Эхнийх нь гадаа цохисон, 2 дох нь манай холбогч надад итгээд хаясан, дахиад гадаа цохисон байдаг байхгүй юу. Нэг их сандрал гээд байх юм байдаггүй уг нь бол.

-Тамирчны хувьд хамгийн гоё мөч ямар байдаг вэ?

-Маш сайн өрсөлдөгч багтай тоглож байлаа гэж бодъё. Оноо нэлээн дээр гарчихсан, наана, цаана болоод, өгөө аваатай байхад манайх нэг сэргээсэн довтолгоо, хаалт хийхэд би бол маш их баярладаг. Түүнээс болж сэтгэл зүйн хувьд давуу болоод, хожиж ч магадгүй болоод ирдэг юм. Эргэлтийн мөчид хайртай.

-Нээрээ найз охинтой юу?

-Байгаа шүү дээ. Сая бид хоёр нэг тийшээ явах гэж байснаа болиод, ийшээ хүрээд ирлээ. Уучлаарай хайр аа. Хайртай шүү.

-Төгсгөлд нь багийхандаа болон үзэгчдэдээ хандаж үг хэлээч?

-Багийнхандаа бүгдэд нь маш их хайртай шүү. Бэлтгэлээ сайн хийгээд, энэ жил бүгдээрээ аварга авцгаая. Ард нь нэг инээлдээд, сайхан сууцгаая. Үзэгчдэдээ маш их баярлалаа. Цаашдаа дэмжсээр байгаарай.

-Урилга хүлээн авч, ярилцсанд баярлалаа.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe