Гишүүний ажлаа хүлээлгэн өгснөөс хойш ажил хөдөлмөр эрхлээгүй 30-аад хүн 12 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авах хүсэлт өгсөн тухай УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж мэдээлсэн.
Энэ нь УИХ-ын тухай хуулийн 41.9 дэх заалтаар зохицуулагдсан байдаг.
Тэгвэл олон нийтийн цахим сүлжээгээр 32 гишүүн асны нэрийг дэлгэн, дээрх хүсэлтийг өгсөн хэмээн зарлаад байгаа юм. Энэ талаар УИХ-ын Тамгын газрын дэд дарга Э.Лхагваас тодрууллаа.
Тэрээр, "Яг аль 30 гишүүн хүсэлт өгсөн талаар нэрлэх нь Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиар хаалттай юм байна. Ажил олгогч нь ажилтныхаа тэтгэмж авсан эсэхийг бусад хүнд задруулдаггүйтэй адил. Тэгэхээр цахимаар явж байгаа мэдээлэл бол ташаа гэсэн үг. Харин олон нийтийн сонсгол хийхээр болсон ч юм уу тохиолдолд нууц ил болгох процессоор л дэлгэж болно" хэмээв.
Дашрамд дурдахад, 2020-2024 оны парламент 76 гишүүнтэй байсан. Үүний 38 нь дахин сонгогдоогүй аж. Цахим сүлжээнд дэлгэсэн 32 гишүүний дунд одоогоор төрийн алба хашиж байгаа хүмүүс багтсан байна. Гэтэл дээрх тэтгэмжийг зөвхөн ажил эрхлээгүй гишүүнд олгох хуулийн зохицуулалттай.
Сэтгэгдэл үлдээх