“Бараг л элчин болчихсон” Н.Оюундарь гэж хэн бэ?

Ж.Номин
2025-01-08

Польш Улсад суугаа манай улсын элчин сайд Б.Доржийн томилолтын хугацаа дууссан тул шинэ элчин сайд томилох асуудал хөндөгдсөн. 

Тэгвэл УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр хуралдаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Наваан-Юндэнгийн Оюундарийг шинээр томилох саналыг хэлэлцэн дэмжжээ. 

Тус асуудлыг өмнө нь Засгийн газрын 2024 оны 12 сарын 25-ны хуралдаанаар хэлэлцүүлж, Засгийн газрын гишүүд дэмжсэн байна. Маргааш нь буюу 12 сарын 26-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүх рүү, Ерөнхийлөгчөөс УИХ-ын дарга Д.Амарбаясгалан руу уг томилгоог зөвшилцөх тухай албан бичгүүд хөвөрсөн байна. Өөрөөр хэлбэл, төрийн өндөрлөгүүдийн дунд “ногоон гэрлээр” дамжиж буй томилгоо гэж харж болно. 

Харин өнөөдрийн байнгын хорооны хурлаар Н.Оюундарийг элчин сайдаар томилох асуудлыг 17 гишүүний 16 нь дэмжжээ. 

Тэгвэл Н.Оюундарь гэж хэн бэ?

  • Тэрбээр 1973 онд төрсөн, 51 настай бөгөөд нөхөр, 2 хүүхэдтэй. 
  • 1991 онд Политехникийн их сургуулийг Гадаадын инженерийн бэлтгэл
  • 1991-1995 онд “Сэрүүлэг” дээд сургуулийг бизнесийн удирдлагын бакалавр
  • 1997-1998 онд Нидерландын Хаант Улсын Маастрихт их сургуульд бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан. 
  • 2016-2020 онд МУИС-д Эрх зүйч мэргэжлээр суралцан төгссөн. Бизнесийн удирдлага, эрх зүйч мэргэжилтэй, Орос, Англи, Герман, Хятад хэлтэй нэгэн аж. 

Харин ажлын туршлагын тухайд Европын холбооны ТАСИС хөтөлбөр, НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн агентлагийн төсөл, Дэлхийн банкны Олон улсын санхүүгийн корпорацын төсөлд тус тус зөвлөхөөр ажиллаж, БОЯ, НҮБ-д ажиллаж, Гадаад харилцааны дэд сайд, НИТХ-ын төлөөлөгч, УИХ-ын гишүүн зэрэг албан тушаалуудыг хашиж байжээ. 

Н.Оюундарь нь төрийн албанд 16 жил, дипломат албанд 1 жил ажилласан тул төрийн болон дипломат албаны хууль тогтоомжийн шалгуурыг хангасан, төрийн тусгай албанд ажиллах бүрэн боломжтой хэмээн үзэж байгаа аж. 

Түүнийг элчин сайдаар эцэслэн томилоогүй байгаа ч төрийн өндөрлөгүүд болон УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дэмжлэгийг авчихсан тэрбээр “бараг л элчин сайд болчихсон” гэхэд буруутахгүй биз.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe