Хуулийн төсөл: Иргэд хотын төв рүү машинтай орохдоо төлбөр төлнө

Ж.Номин
2025-01-09

Сонгуулиас өмнө айгаад батлаагүй хуулийн заалтаа сонгууль дууссаны дараа дахин зүтгүүлэх оролдлого явж байна. 

Тодруулбал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Хотын дарга болсныхоо дараа буюу 2023 оны 10 сарын 31-нд хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл хийн, автомашины дугаар олголтыг хязгаарлах, гэр хорооллын дэнжүүдийг авто замын сүлжээнд холбож, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, төлбөртэй бүс тогтоох, Сэлбэ дэд төвийг тулгуурлан гэр хорооллыг орон сууцжуулах гэхчлэн олон чухал арга хэмжээнүүдийг танилцуулсан билээ. 

Энэ дундаас түгжрэлийн эсрэг төлбөртэй бүс тогтоох асуудал иргэдийн шүүмжлэлд өртөн, хуулийн төслөөс хасагдаж, батлагдсан. Хууль батлагдахаас өмнөх хэлэлцүүлгийн үеэр нийгмийн эсэргүүцэлтэй тулгарсан учир УИХ дахь МАН-ын бүлэг сонгууль болох гэж байхад "гал"-тай хууль батлахгүй гэж тус заалтыг дэмжилгүй, хасаж батлуулсан байдаг. 

Тэгвэл дээрх хуулиас хассан төлбөртэй бүс тогтоох заалтаа хуульдаа дахин нэмж, өргөн барихаар болжээ. Энэ талаар Хотын дарга Х.Нямбаатараас тодруулахад "Би мэдэж байгаа. Гэхдээ. Р.Эрдэнэбүрэн сайдаас асуучих. Хуулийн төслийг Р.Эрдэнэбүрэн сайд өргөн барина" гэх хариултыг өгчээ. 

Өмнө нь өргөн барьж батлуулсан хуульд:

  • Нийтийн тээврийн хүртээмжийг нэмсний дараа НИТХ төлбөртэй бүсийн тарифыг тогтоох бөгөөд төлбөрийг 0 төгрөгөөс 27500 төгрөг хүртэлх байх.
  • Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам, 32-ын тойргоос Энхтайваны гүүр хүртэл замыг төлбөртэй бүс болгох.
  • Мөн төлбөртэй бүсэд амьдарч байгаа иргэдийг төлбөрөөс 90 хувь чөлөөлөх
  • Төлбөртэй бүс рүү орж ирэхээс өмнө хотын төвөөс 800 метр орчим дахь төлбөргүй зогсоолуудад автомашинаа тавиад, алхах, дугуй унах, скүүтэрээр явах зэрэг боломжийг бүрдүүлнэ.
  • Албан ёсны такси үйлчилгээг 50 хувь хөнгөлнө гэж байв.

Ийнхүү сонгууль дууссан учир иргэдийн эсэргүүцэл хамаагүй гэж үзсэн үү эсвэл дараагийн сонгууль хүртэл иргэд мартчихна гэж үзсэн үү юутай ч уг хуулийн заалтаа дахин өргөн барих гэж байгаа аж. Саяхан хөдөө орон нутгийн машиныг хот руу ороход төлбөр тооцдог болсон бол одоо бүр хотын иргэд нь хотын төв рүүгээ орохдоо төлбөр төлдөг болох бололтой.

Дэлхийн олон оронд төлбөртэй бүсийн зохицуулалт хэрэгждэг. Тодруулбал, Сингапур, Лондон зэрэг улсууд энэ зохицуулалтыг хэрэгжүүлж, түгжрэлээ бууруулсан байдаг. Түүнчлэн Нью-Йорк хот ч төлбөртэй бүстэй болохоор төлөвлөж байгаагаа зарласан юм.

Гэвч эдгээр улсын иргэдийн цалин орлогын хэмжээ, бараа бүтээгдэхүүний үнэ манайх шиг буурай улстай харьцуулах боломжгүй гэдгийг санах хэрэгтэй.

Сэтгэгдэл үлдээх

Төлбөр өндөртэй хэсэг байхад түүний гадна байх давхар зогсоолууд стандарт гаргах бас газрыг шийдэж өгөөд хувийн хэвшлээр хийлгэж ажиллулах хэрэгтэй. Газраа үнэлээд жил бүр татвар авахаар хийвэл

Zochin

Дэмжих үү?

0 0
Newsletter Subscribe