NBA-н бүх оддын тоглолтод дөрвөн удаа сонгогдсон, 2016 оны олимпын алтан медальт DeMarcus Cousins монголын багт тоглохоор болжээ.
Түүний хувьд 1990 онд төрсөн, 208 см өндөртэй, төвийн байрлалд тоглодог тоглогч бөгөөд 2010 оноос хойш NBA-д тоглосон тамирчин. Түүний анхны баг нь Sacramento Kings бөгөөд 2010-2017 онд тус багтаа тоглож, 2017-2018 онд New Orleans Pelicans, 2018-2019 онд Golden State Warriors, 2020-2021 онд Housten Rockets, 2021 онд Los Angeles Clippers, 2021-2022 онд Milwaukee Bucks, 2022 онд Denver Nuggets багт NBA-д тоглосон байна. Харин 2019-2020 оны улиралд бэртлийн улмаас оролцоогүй аж. Тэрбээр хамгийн сүүлд Тайванийн “Taoyuan Taiwan Beer Leopards” багт тоглож байв.
Харин энэ удаад DeMarcus Cousins Монгол Улсын сагсан бөмбөгийн “Сэлэнгэ бодонс” багт нэгдэж байгаагаа зарлав.
Тэрбээр “Монголын сагсан бөмбөгийн лигт анхны аваргаа авчрахад нь туслах гэж байгаагаа дуулгахад таатай байна. Хамтдаа аварга авцгаая” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.
Түүнийг монголд авчирч буй “Сэлэнгэ бодонс” багийн тухайд 2023 оноос Үндэсний дээд лигт оролцож байгаа бөгөөд өдгөө хүснэгтийн 2-рт бичигдэж байгаа баг юм. Одоогоор 11 хожил, 6 хожигдолтой улирлыг үргэлжлүүлж байна.
Сэтгэгдэл үлдээх