Жолоочийн хариуцлагын даатгалын хураамжийг нэмэгдүүлсэн журмыг хүчингүй болгосон талаар ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл мэдээлэл өглөө.
Тодруулбал, нэр бүхий иргэд, байгууллагаас жолоочийн даатгалын хураамжийн нэмэгдэлтэй холбоотой гомдлууд ХЗДХС-ын нэр дээр хандаж гаргасан байна. Жолоочийн даатгалын хураамжийг тооцох итгэлцүүрийн аргачлалыг Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ)-ноос батлуулахаар Нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхээр ХЗДХЯ-нд 11-р сард ирүүлжээ.
Уг саналыг ирүүлэхдээ СЗХ-ноос бүрдүүлэх ёстой материал дунд нөлөөллийн мэдүүлгийг бодит байдалтай нийцэхгүйгээр ирүүлснийг шалгалтаар тогтоосон байна. Энэ итгэлцүүрээр жолоочийн хариуцлагын даатгалын хувь хэмжээ эрс нэмэгдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, 700 мянга хүртэл нэмэгдэж байна гэж иргэд шүүмжилж байгаа.
Тиймээс Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар хүнийг нас хүйс, хөрөнгө чинээ, нийгэм гарлаар нь ялгаварлахгүй гэх үндсэн зарчмыг зөрчсөн байна гэж ХЗДХЯ-наас үзжээ.
Тодруулбал, 18-25 насны иргэд нэг өөр тарифаар, 61-ээс дээш насны иргэд өөр тарифаар даатгалд хамрагдана гэдэг нь хуулийн шаардлагуудад нийцэхгүй байгаа аж.
Ийнхүү СЗХ-ноос хүсэлт ирүүлэхдээ нөлөөллийн шинжилгээ, бусад материалуудын бүрдэл дээр алдаа гаргасан байна гэж үзэн 2025 оны 1 сарын 9-нд Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл шийдвэр гаргаж, уг журмыг Улсын нэгдсэн сангийн бүртгэлээс хаслаа.
Тэрбээр “СЗХ-ны боловсруулсан жолоочийн даатгалын хураамжийн итгэлцүүр хэрэгжих бололцоогүй боллоо. Энэ материалуудаа дахин шинжилж, хуульд нийцүүлэх хэрэгтэй гэж үзэн СЗХ-нд буцааж байна. Он гарснаас хойш буюу 1 сарын 9-нийг хүртэл нэмэгдсэн дүнгээр даатгал төлсөн иргэд мөнгөө эргэн нэхэмжлэх эрхтэй бөгөөд даатгалын компаниуд авсан мөнгөө буцаан төлөх үүрэгтэй” гэв.
Сэтгэгдэл үлдээх