АН-ын дарга асан С.Эрдэнэ АНУ-ын Чикаго хотод суух дэд консулаар томилогджээ.
С.Эрдэнээс өмнө тус хотын дэд консулаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн үед Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргаар ажиллаж байсан Ц.Ганзориг ажиллаж байсан юм. Тэгвэл Ц.Ганзориг нь Сан-Франциско хотын консулаар томилогдсон тул түүний оронд С.Эрдэнийг томилсон байна. Түүний дээд албан тушаалтан буюу Чикаго хотын консулаар Т.Батцэцэг ажилладаг аж.
С.Эрдэнэ нь Ардчилсан намын дарга, Хүн амын хөгжил, Нийгмийн Хамгааллын сайд, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга гэх мэт чухал албан тушаалыг хашиж байсан билээ.
Чикаго хотын Консулын газрын консулын тойрогт Хойд Дакота, Өмнөд Дакота, Небраска, Канзас, Миннесота, Айова, Миссури, Висконсин, Иллинойс, Мичиган, Индиана, Охайо, Арканзас, Миссиссипи, Луизиана мужууд багтдаг. Консулын газрын үйл ажиллагаа нь консулын тойрогт багтдаг мужуудад амьдарч буй монголчууддаа консулын үйлчилгээг түргэн шуурхай хүргэхийн зэрэгцээ Монгол, Америкийн худалдаа, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой.
Сэтгэгдэл үлдээх