АНУ-ын Массачусетс мужийн Бостон хотод төвтэй онлайнаар үл хөдлөх хөрөнгө зуучлал, дуудлага худалдааны “R.R Auction” төвд энэ сарын 6-нд олимпын наадмын хүрэл медалийг нэрээ нууцалсан нэгэн эрхэм дуудлага худалдаагаар заруулахаар байршуулжээ.
Тэрхүү нэрээ нууцалсан эрхэм нь өөрийгөө олимпод бөхийн төрөлд медаль авсан эмэгтэй хэмээн мэдэгдсэн. Одоогийн байдлаар түүнийг Парист эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн -76 кг жинд зодоглосон Кубын Майлаймис Марин эсвэл Колумбын Татьяна Рентериа нарын нэг хэмээн үзэж байгаа юм. Энэ сарын 16-нд хаагдах онлайн дуудлага худалдаанд одоогийн байдлаар 16 үнийн санал ирж, 22987 ам.доллар болсон байна. Харин ажиглагчид ойролцоогоор 30 мянга орчим доллароор зарагдаж байх хэмээн таамаглаж байгаа аж.
Парис-2024 зуны олимпын медаль нь 9,2 мм зузаан, 85 мм диаметртэй 455 гм жинтэй нийт 5084 ширхэг хийгдсэн. Медалийн голд Францын нийслэл Парис хотын бэлгэдэл Эйфелийн цамхгийн төмөр хэлтэрхийг 6 хэлбэртэй болгон байрлуулсан. Мөн ард нь Олон Улсын Олимпын хорооны зөвлөмжийн дагуу Эртний Грекийн ялалтын бурхан Найк болон Афин-1896 анхдугаар олимпын наадам болсон Панатинаикос цэнгэлдэх хүрээлэнг дүрсэлжээ. Медалийг Францын тансаг үнэт эдлэл, цагны үйлдвэрлэлийн Chaumet брэнд урласан билээ.
Сэтгэгдэл үлдээх