Талбайн теннисийн түүхэнд Ази тивээс олимпын наадамд түрүүлсэн анхны аварга болох БНХАУ-ын тамирчин Жэн Чинвэнь үндэстэн дамнасан тансаг хэрэглээний “Dior” брэндийн албан ёсны төлөөлөгч боллоо.
Хятадын Хубэй мужийн Шиян хотоос гаралтай Жэн Чинвэнь 7 настайгаасаа теннис тоглож эхэлсэн. 2019 онд мэргэжлийн газрын теннисний ертөнцөд хөл тавьж, 2022 онд “French Open” тэмцээний дөрөвдүгээр шатанд шалгарч богино хугацаанд өөрийн нэрээ дэлхий дахинд цуурайтуулж чадсан юм. Жэн Чинвэнь 2024 онд амжилтаа үргэлжлүүлэн талбайн теннисийн их дуулгын цуврал болох Австралийн нээлттэй тэмцээний финалд шалгарч, олимпын наадамд түрүүлэхээсээ өмнө Палермогийн нээлттэй тэмцээнд түрүүлэн аваргаа хамгаалсан.
Тэрээр Парис-2024 зуны олимпын наадамд аварга болох замдаа эмэгтэйчүүдийн дэлхийн чансааг тэргүүлэгч Ига Свиатек, мөн чансааны эхний аравт багтдаг шилдэг хэд хэдэн өрсөлдөгчөө ялж аваргалснаар Ази тивээс олимпын наадамд алтан медаль хүртсэн анхны тамирчин болсон билээ. “Dior” брэндийн гүйцэтгэх захирал Мария Грациа Чиури, Хятад бүсгүйг сонгосондоо сэтгэл хангалуун байгаа бөгөөд мэргэжлийн спортын тамирчдаас Ямайкийн гүйлтийн тамирчин Элейн Томпсон Хера, хөлбөмбөгч Алекс Морган, Австралийн усанд сэлэгч Эмма МакКеон нарын тамирчид “Dior” брэндийг дэлхий дахинд сурталчилдаг ажээ.
Сэтгэгдэл үлдээх