Сөрөг хүчний гишүүд НӨАТ-ыг 5 хувь болгох хуулийн төсөл санаачилжээ

Ж.Номин
2025-01-13

АН, ХҮН нам, Үндэсний эвслээс сонгогдсон гишүүдийн төлөөлөл буюу УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, А.Ундраа, Г.Уянгахишиг нар НӨАТ-ыг таван хувь болгох тухай хуулийн төсөл санаачилсан талаараа мэдээлэл хийлээ. 

Уг хуулийг 2019 онд өргөн барьсан ч хэлэлцэхгүй байсаар, шинэ УИХ-ын дэгийн тухай хуулиар буцаасан бөгөөд өнөөгийн шинэ парламентын гишүүд хамтран дахин өргөн барьж байгаа аж.

Өнөөдрийн байдаар Монгол Улсад 180 мянган ААН байгаагийн 81 мянга нь НӨАТ төлөгч бол хувиараа төлөгч 250 мянга байгаагийн 50 мянга нь НӨАТ төлөгчөөр бүртгүүлжээ. НӨАТ төлөгчийн тоо бага байгаа шалтгаан нь НӨАТ хэт өндөр байгаатай холбоотой. 

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж “2024 онд төвлөрсөн 6.5 их наяд төгрөгийн НӨАТ-ын татвар нийт татварын 24 хувийг бүрдүүлсэн. Хэрэв НӨАТ-ын татварыг 5 хувь болговол 3.8 их наядаар НӨАТ-ын татвар багасна гэж шууд автоматаар тооцож болохгүй. Учир нь татвар багассанаар татварын бааз суурь нэмэгдэж, 250 мянгын 50 мянга биш 150 мянган НӨАТ төлөгч, 180 мянгын 81 мянга биш 130 мянган  НӨАТ төлөгч бүртгүүлж, татварын орлого багасахгүй. Мөн бусад бараа бүтээгдэхүүний орлогыг ил болгож, ААНОАТ, ХХОАТ зэрэг бусад татварууд нэмэгдэж, эдийн засаг татвараас үл шалтгаалан өсөх боломж бүрдэх байсан. Өөрөөр хэлбэл өнгөрсөн жил 5 хувь болгосон байсан бол бусад орлогууд нэмэгдэж ₮3,8 их наядаар багасах биш ₮1 их наядын орлогоор тасрах байсан. Үүний үр дүнд ард түмэн бараа таваарыг хямдаар худалдаж авах, эдийн засаг эрчимжих боломж бүрдэх байсан” гэв. 

Энэ хавар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НДШ болон татварын ачааллыг багасгах ажлыг хийхээр зорьж буй. Энэ хүрээнд НӨАТ-ыг 5 хувь болгох санаачилгыг гаргаж байгаа аж. 

Уг хууль хэрэгжвэл татвар төлөгчдөд төрөөс ирж буй татварын дарамт буурах юм.

Дэлхийн 200 гаруй орны 80 гаруй хувь нь 10 хувиас доош байдаг. 20 хувиас дээш байдаг ч тэд буцаан олгох систем нь сайн байдаг аж. 

Өнөөдрийн байдлаар НӨАТ-ын 10 хувийг төлж, 2 хувийг буцаан авдаг. Энэхүү хууль хэрэгжсэнээр 5 хувийг төлж, 2 хувиа буцааж авахаар 3 хувийг төлнө гэсэн үг.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe