УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, Ч.Лодойсамбуу нарын гишүүд НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгох хуулийн төсөл санаачилсан. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан дараах тайлбарыг хэллээ.
Тэрбээр "НӨАТ-ыг 5 хувь болгохоор санаачилсан хуулийн төсөл хараахан Засгийн газарт ирээгүй байна. Гэхдээ Засгийн газраас хаврын чуулганаар Татварын багц хуулийн шинэчлэлийн төслийг өргөн барих бөгөөд уг хуулийн цөм нь НӨАТ байх болно.
Манай Улсын сүүлийн 10 гаруй жил хөгжүүлсэн и-баримтын систем маш боловсронгуй болж, олон улсын стандартад нийцсэн.
Түүнчлэн зарим улсууд манай и-баримтын жишээнээс туршлага судалж байгаа.
НӨАТ төлөгчдийн 10 хувь нь нийт НӨАТ-ын орлогын 60 хувийг бүрдүүлдэг. Тиймээс хэт хавтгайруулж хөнгөлөлт эдлэх биш, бага орлоготой хэсэг рүү НӨАТ-ын буцаан олголтыг илүү чиглүүлэх бодлогыг барьж, хаврын чуулганаар татварын шинэчлэлийн багц хуулиудыг өргөн барина.
Ийнхүү 1-3-р сард олон нийтийг хамруулсан хуулийн төслийн хэлэлцүүлгүүд, санал асуулгуудыг явуулах бөгөөд татварын шинэчлэлийн хүрээнд нэг ч татвар нэмэхгүй. Харин төсвийн орлого талдаа татварын суурийг тэлэх бодлого барина" гэв
Сэтгэгдэл үлдээх