Цахим сонгуулиар царцааны нүүдлийг “дарна”

Б.Сувданзаяа
2025-01-15

Ирэх 2028 оны сонгуулиас өмнө сонгогчдын саналыг цахимаар авах нөхцөл бүрдүүлэх урьдчилсан тооцоололтой байгаа талаараа СЕХ-оос мэдээллээ.

Тодруулбал, СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран “Сонгогчдын нэрсийн жагсаалтыг цахим орчинд зохих түвшинд хамгаалчихвал царцаа гэдэг асуудал байхгүй болно. Ялангуяа биечлэн нүүдэг царцаа бол ямар ч хэрэггүй. Цахим царцаа гарч ирэх боломжгүй гэж би үзэж байна” хэмээв. 

Мөн энэ асуудлыг холбогдох байнгын хороодод танилцуулж, ажлын хэсэг байгуулах аж. Цахим сонгуулийн хэлбэрийг хууль тогтоомжид тусгах шийдлийг сонгуулийн ерөнхий хороо дангаараа хийх боломжгүй. Мөн шууд хуульд хүчээр тусгах боломжгүй.

Тиймээс техник, дэд бүтэц, аюулгүй байдлын баталгаа зэрэгт тус бүрчлэн судалгаа, шинжилгээ хийж, ҮАБЗ, тагнуулын байгууллагуудаас холбогдох дүгнэлт гаргуулан тусад нь хууль тогтоомжийн төсөл боловсруулж, УИХ-аар өргөн барих шат дараалалтай юм байна.

СЕХ одооноос эхлэн дээрх ажлуудыг үе шаттай хэрэгжүүлээд явахад дараагийн сонгуулиар амжих байх урьдчилсан тооцоолол байна гэдгээ  танилцуулсан. Мөн СЕХ-ны дарга “Хамгийн  гол нь орон зайн хувьд ямар байх дээр анхаарч байна. ОХУ-ын жишээг дурдахад гадаадад амьдарч буй иргэдээсээ цахимаар санал авдаггүй юм байна. Цахим аюулгүй байдлын үүднээс ийнхүү зохицуулдаг байх. Гадаадад амьдарч буй иргэдийн зарим нь бичиг баримтын зөрчилтэй, гэмт хэрэгт холбогдсон зарим нь өөрсдийнхөө нууцлалыг өгөхгүй гэдэг.  Өнөөдрийн байдлаар санал хураах юм бол тэдгээр иргэд санал өгөх сонирхолгүй байдаг. Учир нь дипломат төлөөлөгчийн газрууд хамгаалагдсан хараа хяналт дор байдаг учир очихыг  хүсдэггүй. Цахимаар авдаг болсон үед тодорхой хэсэгт нь боломж олдох байх аа гэж үзэж байгаа” гэв.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe