Т.Доржханд: Л.Сонор бол Монгол Улсыг өрийн дефолтоос 2 удаа аварсан залуу шүү

Ж.Номин
2025-01-16

УИХ-ын чуулганаар Шадар сайд Т.Доржхандын авга дүү Л.Сонорыг СЗХ-ны орон тооны бус гишүүнд томилохыг дэмжээгүй. Уг асуудлаар Шадар сайд Т.Доржханд байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр “Намайг нэр дэвшүүлсэн, нөлөөлсөн юм шиг нийгэмд жаахан буруу мэдээлэл өгчихсөн юм билээ. Нэр дэвшүүлэлт Сангийн яамнаас хийгдсэн. Санхүүгийн бодлогын газрын дарга нь санхүүгийн сектороо хамаардаг учир ажил үүргийн шугамаар СЗХ-ны гишүүн болчихдог. Анх СЗХ-г 2007 онд бид нар байгуулж байсан. Би Л.Сонорын хамаарал бүхий хүн мөн нь мөн. Гэхдээ ямар нэг байдлаар нөлөөлөл үзүүлдэггүй. Эсрэгээрээ өөрөө гадаад руу явж ажиллах гээд маш олон санал ирсэн байдаг. Тэр саналуудыг үе үеийн сайд нар нь зөвшөөрөхгүй, ажиллуулаад байдаг. Тухайн үед надад “Гаднаас ажлын санал ирээд байна. Манай сайд, дарга нарт хэлж өгөөч ээ” гэж хэлж байсан. Харин сайд, дарга нар нь “Үгүй ээ, Л.Сонор явчих юм бол гадаад өрийн асуудал, бондын асуудал хүндрэх гээд байна. Та Монгол Улсын Их Хурлын гишүүний хувьд Монгол Улсынхаа төрийн талд байж өгөөч ээ” гэдэг байсан.  

Намайг гүтгэж байгаа гишүүдэд “Наад Л.Сонорыгоо явуулах гэж байгаа бол явуул аа. Юун тэр албан тушаалд томилох. Эсрэгээрээ наад залуугаа явуулаад илүү олон улсын түвшинд мэргэшүүлбэл Монгол Улсад хэрэгтэй хүн” гэж хэлж байгаа. 

Монгол Улс хүний нөөц цөөтэй. Монголын төр чадварлаг боловсон хүчинтэй байх ёстой. Миний төрсөн хүү, төрсөн дүү биш шүү дээ. Гэтэл миний хамаатан садан гэдгээрээ төрд ажиллаж болохгүй гэж байгаа бол хүний нөөцгүй болсон улсад маш буруу бодлого шүү” гэв.

Тэрбээр үргэлжлүүлэн, Л.Сонор бол Монгол Улсыг өрийн дефолтоос 2 удаа аварсан, улсаараа хоригт орж, саарал жагсаалтад ороход ажлын хэсгийг нь ахалж явсан залуу юм шүү. Ийм залуучуудын гавьяаг хэн ч үнэлдэггүй хэр нь асуудал үүсэхээр “чи муухай” гэж байгаа улс төрийн орчин, үүнийг үүсгэж байгаа улс төрчид маш ёс зүйгүй байна. Цаашид монгол залуучууд монголдоо ажилладаг байх хэрэгтэй гэсэн юм. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe