Монгол Улсын Засгийн газар болон Бүгд найрамдах Франц улсын Засгийн газар хоорондын "Хөрөнгө оруулалтын гэрээ"-нд хоёр талаас гарын үсэг зурж баталгаажууллаа.
Гэрээнд Монгол Улсын талаас ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Сангийн сайд Б.Жавхлан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, Цөмийн энергийн комиссын нарийн бичгийн дарга Г.Манлайжав, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт нар гарын үсэг зурав. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд Т.Доржханд, С.Амарсайхан нар болон бусад албаны хүмүүс байлцав. Харин хөрөнгө оруулагч талаас нар гарын үсэг зурлаа.
Харин Францын талаас БНФУ-ын Европ, гадаад хэргийн сайдын дэргэдэх гадаад худалдаа, хилийн чанад дахь иргэдийн асуудал эрхэлсэн сайд Лурон Сэн Мартайн, Орона группийн гүйцэтгэх захирал Никола Маэс, Орона Майнинг компанийн гүйцэтгэх захирал Завье Сэн Мартан Тийе, “Бадрах энержи” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Марк Мелеард нар гарын үсэг зурсан юм.
Гарын үсэг зурах ёслолын дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн үгэндээ гэрээг байгуулагдахад тусалсан бүх хүнд талархал илэрхийлээд, энэхүү гэрээ Монгол-Франц хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 60 жилийн түүхт ойн дээр байгуулагдсаныг онцлов.
Мөн тэрээр "Энэхүү гэрээ монголын хөрөнгө оруулалтын орчныг цоо шинээр ойлгуулж, гадаадын хөрөнгө оруулалт тэр тусмаа цэвэр эрчим хүчний их сэргэлтийг авчрах эхлэл цэг гэдэгт итгэлтэй байна. Гэрээний хүрээнд цөмийн эрчим хүчний үндсэн түүхий эдийг 68.9 тн уран үйлдвэрлэж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхээр хүлээсэн үүргээ биелүүлж чадна. Төслийг хэрэгжүүлснээр 5 тэрбум ам.долларын ашиг орлого авчирч, орон нутгийн хөгжлийн санд Баялгийн сангаар дамжуулан 44 сая ам.долларыг шууд шилжүүлнэ. Төсөл хэрэгжиж эхэлсэн цагаас Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын сангийн иргэдийн хадгаламжийн дансанд шууд мөнгө төвлөрч эхэлнэ" гэлээ.
Сэтгэгдэл үлдээх