Монгол Улсын Засгийн газар болон Бүгд найрамдах Франц улсын Засгийн газар хоорондын "Хөрөнгө оруулалтын гэрээ"-нд хоёр талаас гарын үсэг зурж баталгаажууллаа.
Энэ үеэр Бүгд Найрамдах Франц Улсын Европ, гадаад хэргийн сайдын дэргэдэх Гадаад худалдаа, хилийн чанад дахь франц иргэдийн асуудал эрхэлсэн сайд үг хэллээ.
Тэрээр "2025 он Монгол Улсын хувьд ч, Франц Улсын хувьд ч, манай хоёр улсыг холбож буй энэ сайхан харилцааны хувьд ч маш эергээр эхэлж байна. Энэ 2025 он бол бидний хамтын амжилт, бахархалын жил байх болно. 2023 оны тавдугаар сард Ерөнхийлөгч Эммануэль Макрон Монгол Улсад анх удаа айлчилсан. Мөн оны аравдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Парист хариу айлчлал хийсэн. Манай хоёр улсын Ерөнхийлөгч нарын хоёр талын харилцаанд оруулсан эрчим нь ийнхүү үр дүнгээ өгч байна.
Дээрх айлчлалуудаас хойш хоёр жилийн дотор бид манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тэмдэглэж байна. Хоёр жилийн дотор хоёр талын харилцаанд шинэ эрч хүч өгөх, шинэ агуулгаар баяжуулах түүхэн хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Энэхүү хэлэлцээр манай хоёр улсын хувьд стратегийн томоохон ач холбогдолтой учраас түүхэн гэж хэлж байгаа юм.
Зөөвч-Овоо орд нь дэлхийн 10 томоохон ордын нэг. Энэ орд Монголыг дэлхийн ураны зах зээлд томоохон шинэ тоглогч болгоно.
Мөн Дорноговь аймаг, Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд чухал түлхэц үзүүлнэ. Энэхүү гэрээ нь манай эрчим хүчний хангамжийг баталгаажуулснаар Францын тусгаар тогтнолд хувь нэмэр оруулах болно.
Манай хоёр улсын харилцаа ямар гүнзгий түвшинд очиж байгааг харуулах үүнээс өөр нотолгоо хэрэггүй биз ээ.
Бидний харилцаа холбоо нь дан ганц ашиг сонирхол биш гэдэг нь харагдаж байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр, бид ямар сорилтуудыг даван туулах ёстой вэ гэдгийг нэгдмэл байдлаар ойлгож байгаа гэдэгт би итгэлтэй байна.
Бид тогтвортой, нүүрстөрөгчгүй шийдлүүдийг дэмжих замаар уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэж, хамтын ажиллагаагаа төрөлжүүлэх, хараат байдлаа хамтран бууруулах гэсэн нийтлэг хүсэл эрмэлзэлтэй юм.
Цаашид бүх төрлийн харилцаагаа гүнзгийрүүлж, худалдаа, хөрөнгө оруулалтаа бэхжүүлж, харилцан ашигтай байдлаар хоёр ард түмний сайн сайхны төлөө, тус тусын тусгаар тогтнолынхоо төлөө хамтран ажиллах хүсэл эрмэлзэлтэй байна.
Дэлхий дээрх өрсөлдөөн их ширүүн болжээ. Бидэнд хүчтэй түншүүд хэрэгтэй.
Франц Улс Монгол Улсын “гуравдагч хөрш” гэдгээрээ бахархдаг. Бид энэ төслийн бүх үе шатанд та бүхэнтэй хамт байж, хамгийн сайн мэддэг, чаддаг зүйлсээ санал болгох болно.
Францын туршлага, ноу-хау нь эрчим хүчний шилжилт, нүүрстөрөгчийг бууруулах, биологийн олон янз байдлыг хамгаалах чиглэлээрх танай хүлээлтэд нийцэх болно.
Энэ гэрээ амжилттай боллоо. Энэ гэрээ нь мөн ирээдүйн төлөөх амлалт юм. Манай худалдааны эргэлт 10 жилийн хугацаанд 4 дахин өсч, бидний хамтын ажиллагаа чухал салбарууд руу хүрээгээ тэлэх болно. Ирэх жилүүдэд бид илүү их амжилт гаргах болно. Бидэнд ийм хүч чадал, хүсэлэрмэлзэл бий. Төслийг амжилттай дуусгахад итгэл үзүүлж, шийдвэрлэгээр дэмжлэг үзүүлсэн Та бүхэнд баярлалаа. Бидэнэ түншлэлээ улам бүр баяжуулан тэтгэнэ гэдэгт та бүхэнитгэлтэй байж болно" гэлээ.
Сэтгэгдэл үлдээх