T.O.P: Одоо хамтлагтаа буцаж очно гэдэг миний хувьд ичгэвтэр зүйл

.Graph
2025-01-17

BigBang хамтлагийн гишүүн асан реппер, жүжигчин Чой Сынхён буюу T.O.P Netflix-ийн “Squid Game 2” цувралын Thanos-ын дүрээр жүжигчний карьертаа амжилттай эргэн ирлээ.

Энэхүү үйл явдлын дараа тэрээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд ярилцлага өгсөн нь 11 жилийн дараа сэтгүүлчидтэй нүүр тулж буй хэрэг юм. T.O.P нь хамгийн сүүлд 2014 онд Tazza: The Hidden Card киноны сурталчилгааны үеэр ярилцлага өгч байжээ. 

Тэрээр ярилцлагадаа өөрийн хувийн амьдралын талаар, “Squid Game 2” цувралд тоглосон дүрийг бүтээхэд өөртэйгөө хэрхэн зөрчилдөж байсан талаараа ярьжээ. Мөн түүнийг үргэлж дагаж явдаг сэдэв болох хар тамхины хэрэг, YG энтертайнменттай хийсэн онцгой гэрээгээ цуцалсан асуудлаа илэн далангүй ярьсан байна. T.O.P нь 2016 онд цэргийн алба хааж байхдаа марихуан хэтрүүлэн хэрэглэж, шүүхээс гэм буруутай нь тогтоогдон 2 жилийн тэнсэн харгалзах ял авч байсан. Түүнчлэн 2022 онд SNS шууд дамжуулалтын үеэр BigBang хамтлагаасаа гарж буйгаа зарлаж YG энтертайнменттай хийсэн онцгой гэрээгээ цуцалсан. Эдгээр асуудалд тэрээр олон жилийн турш тайлбар хийгээгүй бөгөөд энэхүү ярилцлагаараа дамжуулан тайлбар өгчээ. 

Ярилцлагад "Хорин насандаа би хүртэж болох хэмжээнээс ч илүү алдар нэр, төдий хэмжээний хайр хүртсэн ч амьдралдаа анх удаа уналт, сүйрлийг мэдэрсэн. Энэ нь намайг харанхуй цаг үе рүү түлхсэн. Би маш их эвдэрсэн, маш их шархалсан. Өөрийгөө дахин сэргээх хүч чадал байхгүй байсан учраас зүгээр л бүх зүйлд бууж өгөхийг хүссэн. Намайг хамтлагтаа буцаад ирэхийг хүсэж буйгаа илэрхийлсэн олон мянган шүтэн бишрэгч байсан. Үүнийг харах надад үнэхээр сэтгэл өвдмөөр байсан. Тухай үед би бодлогогүй шийдвэр гаргаж, түүндээ одоо хүртэл харамсдаг.  Энэ бүхэн мэдээжийн хэрэг, гэхдээ тухайн үед би үнэхээр харанхуй ангалын дунд байсан. Би үлдсэн амьдралынхаа турш хийсэн зүйлдээ харамсах ёстой гэж бодож байна. 

Би хамтлагийнхаа нэр хүндэд сэв суулгасан учраас тэднийг дахин шархлуулахгүй гэсэндээ хамтлагаасаа гарахаар шийдсэн.

Миний хийсэн алдаа бусад гишүүдэд хор хөнөөл учруулна гэж бодох төдийд байж, суух аргагүй болсон. Одоогоор би хамтлагийнхаа ямар ч гишүүнтэй холбоо бариагүй байгаа. Одоо хамтлагтаа буцаж орно гэдэг бол миний хувьд ичгэвтэр зүйл. Би хамтлагийнхаа нэр хүндийг сэвтээхгүй байна гэж аль хэдийн шийдсэн. Намайг хүлээж байгаа шүтэн бишрэгчдэдээ хийсэн бүх алдаагаа залруулах ёстой гэж бодож байна. Одоогоор тодорхой хэлэх боломжгүй ч цомог гаргах тухай бодож байгаа. Би сүүлийн 7 жилийн турш нийгмээс гадуур байж, студидээ амьдарч, хөгжмөөр л амьсгалж  тоо томшгүй олон дуу хийсэн тул намайг дэмждэг хүмүүст үүнийг хуваалцах ёстой гэж бодож байна. Мөн би үүнийг одоо хэлэх нь зохимжгүй ч би харамсаж, гэмшиж байх үедээ Big Bang-ийг орхисон гэдгээ зүй ёсоор нь хэлээгүйгээс болж ийм олон үл ойлголцол, зөрчил үүссэн гэж бодож байна. Энэ боломжийг ашиглаад өмнөх алдаа, үл ойлголцлоо дахин давтахгүй гэдгээ батлан харуулахыг хүсч байна” гэжээ. 

Харин Squid Game 2 цувралд хар тамхины хэрэглээ болон криповалютын буруу хөрөнгө оруулалтаас болж карьер нь бүтэлгүйтэж тоглоомд оролцож буй реппер Таносын дүрд тоглосон юм.

Энэ талаар "Таносын дүрд тоглох санал үнэхээр аймшигтай байсан. Энэ дүр нь миний өнгөрсөн үеийг өөрийн эрхгүй санагдуулдаг. Энэ дүрд тоглох вий гэсэн айдас намайг эргэлзэхэд хүргэсэн. Гэвч хувь тавилан намайг энэ зүг рүү татаж байгаа юм шиг санагдсан. Бараг 10 жилийн турш хэн ч над руу харахгүй байхыг би мэдэрсэн ч найруулагч Хван Дун Хюк хамгийн түрүүнд надад итгэл өгч хандсан. Түүний надад итгэж байсан итгэл, надад энэ дүрд тоглох зоригийг өгсөн. Энэ итгэлийг хариуцах нь миний үүрэг, дээр нь миний амьдралын өөр нэг даалгавар юм. Америкын өмнөд хэсгийн хип хопод хүчтэй өдөөгч бодис хэрэглэдэг репперүүдтэй холбоотой “бувтнах рэп” гэж нэрлэгддэг рэп маягийн нэг төрөл байдаг. Би үүнийг Таносоор  дамжуулахан харуулахыг хичээсэн” хэмээн ярьжээ.

Сэтгэгдэл үлдээх

Hun neg aldaj bolno tiim bolohoor hamtlagda butsaad or please

Enerel

Дэмжих үү?

0 0
Newsletter Subscribe