Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд түүхэн өдөр тохиож байна

.Graph
2025-01-17

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Франц Улсын Гадаад худалдаа, хилийн чанад дахь иргэдийн асуудал эрхэлсэн сайд Лурон Сан Мартан, “Орано” группийн гүйцэтгэх захирал Никола Маэс нартай өнөөдөр уулзлаа.

Бүгд Найрамдах Франц Улс манай улсын “гуравдагч хөрш”, Европ дахь итгэлт түнш. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн Байнгын гишүүн, Европын Холбоог үндэслэгчдийн нэг учир харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь манай улсын гадаад бодлогын чухал зорилтуудын нэг. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой энэ онд тохиож байгаа төдийгүй олон жил гацсан ураны төслийн гэрээнд өнөөдөр талууд гарын үсэг зурж, Монгол, Францын харилцаанд түүхэн өдөр тохиож байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэмдэглэв.

Монгол-Францын хамтарсан ураны төсөл, Хөрөнгө оруулалтын гэрээ нь хоёр оронд харилцан ашигтай байгаад зогсохгүй Монгол-Европын Холбооны төсөл юм. Хоёр орны цаашдын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг гүнзгийрүүлэх чухал ач холбогдолтой төсөл учраас баяртай байгаагаа ноён Лурон Сан Мартан онцлов. Франц Улсын уран олборлох шинэ техник технологи, ноу хау-г Монголд нутагшуулах Монгол Улсын уул уурхайн салбарт түүхэн үйл явдал тохиож, шинэ хуудас нээгдэж байгаа учир Монгол Улсын Засгийн газарт талархаж буйгаа тэрбээр илэрхийллээ.

Мөн энэ удаагийн Хөрөнгө оруулалтын гэрээг Давосын Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтаас өмнө байгуулж байна. Гэрээг эцэслэн тохироход хоёр тал хүчин чармайлт гаргаж, эрдэмтэн судлаачид, хөндлөнгийн төлөөллийг оролцуулж олон жил амжилттай ажилласан. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашигласнаар дийлэнх үр өгөөж ард түмэнд ногдож, талуудын хүртэх ашгийг тэнцвэртэй байлгана. Хөрөнгө оруулалтын гэрээнд туссаны дагуу “Үндэсний баялгийн сан”-д хуримтлал үүсэж, байгалийн баялгийн үр өгөөжийг Монголын ард түмэн хүртэнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөсөн 14 мега төсөлд  Монгол, Францын хамтарсан ураны төсөл болон Үндэсний хиймэл дагуулын сүлжээ байгуулах төслүүд багтсан.

Тиймээс хоёр орны хамтарсан дараагийн төсөл болох Үндэсний хиймэл дагуулын сүлжээ байгуулах төслийг Франц Улстай хамтран хэрэгжүүлэх Монгол Улсын байр суурь хэвээрээ. Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор Францын Засгийн газартай тээвэр, хот байгуулалтын чиглэлээр хамтарч ажиллах, хөрөнгө оруулах бүрэн боломжтойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэллээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe