Хвича Кварацхелия Парис Сен-Жермен клубтэй 2029 он хүртэл гэрээ байгууллаа

.Graph
2025-01-20

Гүржийн шигшээ багийн хагас хамгаалагч Хвича Кварацхелия Францын “Пари Сен-Жермен” клубтэй 2029 он хүртэл албан ёсны гэрээ байгуулсан тухай тус клубээс мэдээллээ.

Клубээс хэдий хэр мөнгөн дүнгээр түүний авсныг зарлаагүй ч Гүрж эрийг Парисын клуб  авахын тулд 60 сая евро дээр нэмэх нь 10 сая евро гэсэн заалттай юм байна. Энэ бол өвлийн солилцооны цонх нээгдсэн үед байгуулсан хамгийн өндөр үнийн дүнтэй гэрээ учраас хэвлэлүүд онцолж байгаа юм.

Италийн “Наполи” багаас явахдаа Х.Кварацхелия өөрийн Инстаграм хуудсандаа нийтэлсэн дүрс бичлэгтээ “Явна гэхэд үнэхээр хэцүү байна, гэхдээ баяртай гэж хэлэх цаг мөч нь иржээ. Энэ клубт би гайхамшигтай цаг хугацааг өнгөрүүлж, ер бусын сэтгэл хөдлөлийг мэдэрч байсан” гэжээ.

Х.Кварацхелия бол Францын хөл бөмбөгийн дээд лигт ирж буй Гүржийн найм дахь легионер тоглогч бөгөөд түүнээс өмнө Амиран Саная, Лука Кикабизе, Георгий Макаризе, Гия Гурули, Жорж Микаутазе, Зурико Давиташвили, Жаба Канкава нар Францын дээд лигийн клубүүдэд тоглож байжээ.

Парисын клубт 7 дугаарыг сонгосон 23 настай Х.Кварацхелия “Наполи”-д 2022 оноос хойш тоглож, 2023 онд Италийн Сери-А клубээ аварга болгоход үлэмж нөлөө үзүүлсэн юм. Энэ улиралд тэрбээр 19 тоглолтод оролцохдоо 5 гоол, 3 оновчтой дамжуулалт гэсэн үзүүлэлттэй байна.  

Италид ирэхээсээ өмнө Гүрж хагас хамгаалагч ОХУ-ын Казань хотын “Рубин”, Москвагийн “Локомотив” клубүүдэд тоглож Оросын лигийн өсөх ирээдүйтэй тоглогч хэмээн яригдаж Италийг зорьж байжээ. Сонирхуулахад, спорт хэрэглэлийн Жордан брэндтэй гэрээтэй Парис Сен-Жермен клуб өөрсдийн цахим хуудсаараа дамжуулан улирлын дөрөв дэх өмсгөлийг танилцуулж энэ сарын 22-нд албан ёсоор худалдаанд гаргахаар боллоо. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe