Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаявал торгоно

Ж.Номин
2025-01-20

Чингэлтэй дүүргийн Засаг дарга захирамж гарган, тус дүүргийн төвийн 6 хороонд өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ. 

Тодруулбал, Чингэлтэй дүүргийн байшин хорооллын хороон дахь иргэн, ААН байгууллагууд оройны 18 цаг хүртэл төвлөрсөн хогийн цэгт хог гаргаж хаяж болохгүй аж. Харин оройны 18:00-21:00 цагийн хооронд төвлөрсөн хогийн цэгт хогоо гаргаж хаях боломжтой бөгөөд дээрхээс бусад цагт хог гаргаж хаясан тохиолдолд Хог хаягдлын тухай дүрэм, журмыг зөрчсөн гэж үзэн торгуулийн арга хэмжээ авах гэнэ. 

Чингэлтэй дүүргийн тухайд хог ачилтыг 24 цагийн хугацаанд гурван удаа хийдэг бөгөөд хог ачаад явсны дараа хогийн цэг дээр гаргаж тавьсан хогийг ухаж, уутыг нь задлах, тараах тохиолдол цөөнгүй байгаа тул ийм захирамж гаргасан гэв. 

Уг цагийн зохицуулалтаа дүүргийн удирдлагууд хамгийн боломжит хувилбар гэж үзсэнээ онцлов.

Хэрэв уг захирамжийг зөрчвөл Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авна гэсэн бөгөөд тус хуулийн 6.1.26-д "Нийтийн эдэлбэр газар, эсхүл ногоон бүсэд энгийн хог хаягдал хаясан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" хэмээн заажээ. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe