"UFC" холбооны "UFC 311" өдөрлөг Лос Анжелес хотын "Intiut-Dome" аренад боллоо. Энэ үеэр Ислам Махачев аваргын бүсээ хамгаалж, шинэ рекорд тогтоолоо.
Аваргын бүсний төлөөх тулаан хөнгөн жингийн аваргын бүсээ хамгаалагч Ислам Махачев болон жиндээ 10-т эрэмбэлэгддэг, сүүлийн 10 тулаанаас 9-д нь ялсан Бразилын Ренато Моикано нарын хооронд болов. Уг нь Ренато Моиканогийн оронд Армений Арман Царукян тулалдах ёстой байсан юм. Гэвч тэрээр тулааны өмнөх өдөр бэлтгэлийн үеэр нуруундаа бэртэл авснаар тулалдах боломжгүй болсон.
Бразил тулаанч Ренато Моиканогийн хувьд Ислам Махачевын хүчтэй өрсөлдөгч байж чадалгүй нэгдүгээр үеийн 4 минут 5 дахь секундэд Брабао боолт мэхээр ялагдсан. Ингэснээр Орос тулаанч аваргын төлөө 5 тулалдаж, аваргын бүсээ 4 дараалан хамгаалснаар UFC холбооны хөнгөн жингийн түүхэнд Б.Жей Пейнийн хамт хамгийн олон бүсээ хамгаалсан тулаанчаар тодорлоо.
Мөн түүний дараалсан ялалтын тоо 15-д хүрч Нигерийн Камару Усманы амжилттай зэрэгцэв. Түүний дээр Бразилын алдарт Андерсон Силвагийн 16 дараалсан ялалт байдаг ажээ. Энэ тулааны дараа Ислам Махачев "Надад энэ бүс таалагдаж байна. Хэрэв хэн нэгэн энэ бүсийг хүсэж байвал торонд ороод ирээрэй" гэсэн юм. Мөн UFC холбооны Ерөнхийлөгч Дана Уайт "Ислам бол Жон Жонесоос хойш төрөн гарсан өнөө цагийн манай холбооны хамгийн шилдэг тулаанч" хэмээн мэдэгдсэн юм.
Сэтгэгдэл үлдээх