Монгол Улсын Ерөнхий сайдын ахалсан Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, салбар хоорондын зохицуулалт, шуурхай удирдлагаар хангах Засгийн газрын шуурхай штабын II хуралдаан өнгөрсөн Бямба гарагт /2025.01.18/ болжээ.
Уг хурлаар ирэх жилүүдэд Улаанбаатар хотод хэрэгжүүлэх томоохон төслүүдийн талаар танилцуулсан бөгөөд түгжрэлийг бууруулах чиглэлд 9 төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Үүнээс нэн тэргүүнд метроны бүтээн байгуулалтыг эхлүүлж, гуравдугаар сарын сүүлээр шалгаруулалтаа зарлах гэнэ. ИБУИНВУ-ын Засгийн газрын 3 тэрбум хүртэлх фунтийн баталгааны хүрээнд банк, санхүүгийн байгууллагуудаас төслийн санхүүжилт авна. Энэ тохиолдолд UKEF Монгол Улсын Засгийн газраас өрийн баталгаа шаардахгүй. Метроны бүтээн байгуулалтын ажлыг энэ ондоо багтааж эхлүүлэх аж.
Мөн Трамвайны эхний шугамын бүтээн байгуулалтын тендерийг дөрөвдүгээр сард багтаан олон улсад нээлттэй зарлах бөгөөд чиглэл нь “Steppe arena”-с Сүхбаатарын талбай хүртэл байхаар төлөвлөжээ. Ингэхдээ Энхтайваны гүүрэн дээр трамвай явахад даац нь хүчрэх үү гэдэг асуудал тулгараад байгаа аж. Мөн явган хүний замыг байхгүй болгож, хоёр талыг нь металл хийцтэй болгон, замыг өргөтгөх ажлыг энэ онд 2 байршилд хийнэ гэж Хотын дарга мэдэгдэв.
Түүнчлэн Улаанбаатар хотын шинэ тойрог замын төслийг эхлүүлнэ. Нийт 23.7 км урт уг замыг Наадамчдын замаас эхлүүлж, “Өнөр хороолол”, Баянхошуу, Хайлааст, Чингэлтэй, Долоон буудал, Дарь-Эх, Монель, Чулуун овоо, Туулын хурдны замтай холбоно. Харин Туулын хурдны замын тендерийг энэ сарын сүүлчээр зарлана.
Ташрамд, Туулын хурдны зам, шинэ тойрог зам ашиглалтад орсноор түгжрэл хамгийн багадаа 30 гаруй хувиар буурна. Үүний дараа олон төрөлт нийтийн тээврийн хэрэгсэл буюу метро, трамвай ашиглалтад орж, иргэд үйлчлүүлээд ирэхээр энэ тоо өсөх тооцоолол гарсныг Хотын дарга танилцуулсан байна.
Сэтгэгдэл үлдээх