Р.Булгамаа: БНСУ-ын виз мэдүүлэхэд гадаад паспорт олон хоногоор хураан авдаг нь хүний эрхийг зөрчсөн үйлдэл

Ж.Номин
2025-01-21

Өмгөөлөгч Р.Булгамаа ХЭҮК-т БНСУ-ын виз мэдүүлгийн улмаас хохирч буй иргэдийн өмнөөс гомдол гаргажээ. 

Тодруулбал, БНСУ-д зорчихоор виз мэдүүлсэн иргэдийн гадаад паспортыг 30-40 хоногийн хугацаатайгаар тус улсын элчин сайдын яамны виз мэдүүлгийн газрууд хурааж авдаг. Ингэж хурааж авч байгаа нь Монгол Улсын иргэдийн бусад улсад зорчих эрхийг хязгаарлаж байгаа хүний эрхийг зөрчсөн үйлдэл гэж үзсэн байна. 

Түүнчлэн виз мэдүүлгийн газруудад паспортоо буцаан авах хүсэлт гаргасан тохиолдолд виз мэдүүлгийн өргөдлийг бүхэлд нь хүчингүй болгодог бөгөөд визийн хураамжаас тодорхой хувийг нь буцаан олгодоггүй. Ингэснээр иргэдийг давхар хохироож буй хэрэг юм. Мөн тус улсын элчин сайдын яамнаас визний татгалзсан хариуг өгөхдөө гол төлөв “зорилго тодорхой бус” гэх хариултыг өгдөг. Тэгвэл яг ямар үндэслэлээр “зорилго тодорхой бус” гэж үзэж байгаа, ямар баримт бичиг дутуу байгаа, энэ асуудлаар хаана хандаж, лавлагаа авах тухай иргэдийн мэдэх эрх хязгаарлагддаг. 

Иймд уг асуудлаар Монгол Улсын ХЭҮК “иргэдийн гадаад паспортыг олон хоногоор хурааж авч байгаа нөхцөл байдал нь МУҮХ-ийн 16.18-р заалт, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенц, иргэний болон улс төрийн эрхийн тухай фактын 12-р зүйлээр баталгаажсан “иргэд чөлөөтэй зорчих эрх”-ийг хязгаарлаж байгаа үндэслэл болсон байна” гэж дүгнэжээ.

Ийнхүү ХЭҮК-оос Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт Монгол Улсын иргэний үндсэн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлж, тодорхой арга хэмжээ авахыг зөвлөж, зөвлөмж хүргүүлсэн байна. 

Харин өмгөөлөгч Р.Булгамаагийн зүгээс Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт хандан иргэдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлж, эрх зөрчигдөж байгаа дээрх нөхцөл байдлууд дээр дүгнэлт хийж, тодорхой арга хэмжээ авч, шийдэл бий болгохыг хүсэж байгаагаа илэрхийлсэн юм.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe