“Аппрентис Монгол” шоуны ялагч Ц.Бархас СЗХ-ны орон тооны бус гишүүнд нэр дэвшлээ

Ж.Номин
2025-01-21

Төсвийн байнгын хороо СЗХ-ны орон тооны бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг хийлээ. Уг албан тушаалд “Аппрентис Монгол” шоуны ялагч Ц.Бархас нэр дэвшсэн юм. 

Ц.Бархас 1989 онд төрсөн, СЭЗИС-ийг Эдийн засгийн бакалавр, Виржиниагийн олон улсын их сургуулийг Бизнесийн удирдлагын магистраар төгссөн, Бизнесийн эдийн засагч мэргэжилтэй. 2015-2016 онд Голомт банканд менежер, нарийн бичгийн дарга, 2016-2020 онд Таван богд ХХК-нд ахлах менежер, албаны дарга, ерөнхий менежер, 2021 онд Ард санхүүгийн нэгдэл ХК-нд маркетинг хариуцсан захирал, 2022-2024 онд Ард секюритиз ҮЦК-нд гүйцэтгэх захирал, 2024 оноос Central Commerce ХХК-нд захирлаар ажиллаж буй. 

Тэрбээр “Би сүүлийн 10 гаруй жилд арилжааны банк, хөрөнгийн зах зээл, хүнсний чиглэл, олон улсын худалдаа гэхчлэн бизнесийн хэд хэдэн салбар чиглэлд ажилласан. Бусад нэр дэвшигчидтэй харьцуулахад санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр дагнаж ажиллаагүй байж магадгүй. Гэхдээ миний хувьд бодлого боловсруулах чиглэлд ажилласан туршлага байхгүй ч бодлого хэрэгжүүлэгч буюу бодит амьдрал, хөрсөн дээр аль бодлого нь буудаг вэ аль нь буудаггүй вэ гэхчлэн хэрэглэгч талд нь ажиллаж ирсэн.

Тэгэхээр илүү практик талаас нь бизнесийн орчноо мэддэг хүн бодлого боловсруулагч байгууллагад хэрэгтэй гэж үзсэний үндсэн дээр уг албан тушаалд өөрийн нэрийг дэвшүүлсэн” гэв. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe