Монгол Улсын Засгийн газар өнөөдрийн ээлжит хуралдаан өндөрлөж, хэлэлцсэн асуудлуудаа танилцуулж байна.
Энэ үеэр Монгол Улсын анхны Ерөнхийлөгч агсан П.Очирбат таалал төгссөнтэй холбогдуулж орон даяар гашуудал зарлах Ерөнхийлөгчийн зарлигтай холбоотой авах арга хэмжээг танилцуулав.
Тодруулбал, зарлигийн дагуу 2025 оны 1 сарын 24-ний өдрийн 07.00 цагаас 1 сарын 25-ны өдрийн 00.00 цаг хүртэлх хугацаанд орон даяар гашуудал зарлах юм. Мөн төрийн далбааг 45 хэмээр бөхийлгөн, оршуулгын комисс байгуулж буй аж. Оршуулгын комиссыг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал ахална.
П.Очирбат агсныг сүүлчийн замд нь үдэх ёслолыг 1 сарын 24-ний 07:40-09:40 цагийн хооронд зохион байгуулах бөгөөд 21 аймаг тус бүрд эмгэнэлийн дэвтэр гаргаж, ард иргэдийн эмгэнэлийг бичүүлж авч байна.
Ташрамд, гашуудал зарласан өдөр олон нийтийг хамарсан урлаг, спортын арга хэмжээ зохион байгуулахыг хориглох аж.
Сэтгэгдэл үлдээх