Чарльз Н.Форстер: Хөрөнгө оруулагч татах гэж байгаа бол эрх зүйн орчин тогтвортой байх ёстой

.Graph
2025-01-22

Уул уурхайн салбарын чиг хандлагын талаар Оюу толгойн ордыг илрүүлэхэд гар бие оролцсон Геологич, эрдэмтэн Чарльз Н.Фортертой ярилцлаа.

Онцлох эшлэлийг зургаар үзэх бол энд дараарай.

Таныг Монголд ажиллаж байснаас хойш уул уурхайн салбар хэрхэн өөрчлөгдөв, манай улсын уул уурхайн хөгжлийг та хэрхэн дүгнэх вэ?

2008 оноос хойш уул уурхайн эрэл хайгуулын салбарт нөхцөл байдал өөрчлөгдөж байгаа. Ялангуяа технологийн хэрэглээ нэн өндөр болсон. 3D загварчлал өндөр хэмжээнд хөгжсөн. Хиймэл оюун ухааныг өргөн хэрэглэдэг болсон. Би бол 77 настай.

Миний хувьд хиймэл оюун ухааны төсөл удирдах хэмжээнд хүрэхгүй юм байна гэж харж байгаа. Ер нь Саудын Арабад ажиллаж байхад маш их ирээдүйн эрдэс, метал олборлох боломж байгаа нь харагдаж байна.

Би 2008 онд Монгол Улсаас гарч явсан ч мэдээ бол байнга сонсож, сураг ажиг тавьдаг. Монгол бол эрдэс баялгаар баян олон нөөц хөгжүүлэх боломж байгаа гэж бодоод, хүлээгээд байдаг боловч Оюу толгойгоос өөр томоохон төслийн сураг сонсогдохгүй байна. Тэгэхээр Оюу толгойг зөв авч явбал 100 жилийн турш үр дүнтэй ажиллах боломжтой төсөл. Үүнээс гадна монголчууд эрдэс баялгийнхаа салбарыг эргэж хараад, эрэл хайгуулын ажлаа өргөжүүлэн бусад төслүүдээ хөгжүүлээсэй гэж бодож явдаг юм аа.

"Айвенхоу майнз" компани Саудын Арабад ямар төсөл хэрэгжүүлж байгаа вэ?

"Айвенхоу майнз" компани Конго улсад Камаогийн зэсийн уурхайд үйл ажиллагаа явуулж байгаа. Би бол Саудын Арабад үйл ажиллагаа явуулж байгаа  "Айвенхо Электрик" компанид ажиллаж байна. Саудын арабын томоохон уул уурхайн компани болох Маадантай яг  50, 50 хувийн харьцаатай хамтарсан компани байгуулсан. Бид хамтдаа 48 мянган шоо дөрвөлжин км газарт эрэл хайгуул хийж байна. Үүндээ тайфун системийг ашиглаж байгаа. Одоогийн байдлаар Саудын Арабтай яг эрдэсжсэн олон янзын тогтцуудыг илрүүлж, гаргаж байгаа. Энэ дотор зэсийн агууламжтай илэрцүүд ч байгаа. Цаашид энд тогтвортой ажиллах төлөвтэй байна.

Саудын арабтай адил хөрөнгө оруулалт татаж, шинэ ордуудыг хурдан нээе гэвэл  манай улсад ямар боломж байгаа бол?

Саудын арабын жишээ татахдаа эднийхийг газрын тосны хамгийн том үйлдвэрлэгч гэдгийг мартаж болохгүй. Тийм учраас эдний хувьд мөнгөнд санаа зовох юм байхгүй. Энэ салбараас олсон мөнгөөрөө бусад эрдэс баялгаа хөгжүүлье гэсэн зорилт дэвшүүлээд явж байгаа. Энэ нь эдийн засгаа солонгоруулах бодлогых нь нэг хэсэг. Нөгөө талаас аялал жуулчлалаа хөгжүүлэх зорилт дэвшүүлж ажиллаж байна.

Монгол улсын хувьд зэсийн, уул уурхайн компаниудыг татах гэж байгаа бол хамгийн гол зүйл нь хууль, эрх зүйн орчин тогтвортой байх ёстой.

Хуулиа гаргасан л бол хөндөхгүй, дахин дахин өөрчлөхгүй байх хэрэгтэй. Засгийн газар ч гэсэн байнга өөрчлөгдсөнөөс болоод Оюу толгойн төсөл дор хаяж 10 жилээр хойшлогдож байж эхэлсэн. Гадаадын хөрөнгө оруулалт татах гэж байгаа бол Засгийн газар л нэн тэргүүнд ажиллах ёстой. Дээрээс нь юу хүсэн хүлээгээд байгаа вэ гэдэг нь ойлгомжтой байж байж томоохон уул уурхайн комдпаниуд оруулж ирнэ. Уул уурхайн үйл ажиллагаа гэдэг бол маш их хэмжээний хөрөнгө, цаг зарцуулж байгаа. Тэгэхээр яг энэ хөрөнгө оруулалт маань тогтвортой үргэлжлээд, ашиг авна гэсэн итгэлийг хөрөнгө оруулагчдаа төрүүлж байж тэднийг өөрийнхөө улсад татах юм.

Саудын арабын талаас эрдэс баялгийн хөгжлөөрөө Хятадтай өрсөлдөнө гэж байгаа ажиглагдаж байна. Энэ нь хэр боломжтой гэж та харж байна вэ?

Ирээдүй мэдээж хэрэг сэргээгдэх эрчим хүчээр ажиллах гэж байна. Бүх юм цахилгаанжих гэж байна. Ийм тохиолдолд зэс хэрэгтэй, газрын ховор элементүүд хэрэгтэй. Хятад улс бол мэдээж том үүрэг гүйцэтгэнэ. Гэхдээ өөрийнхөө дотоодынх нөөц баялгийг аваад үзэх юм бол тийм ч их зэс байхгүй. Харин газрын ховор элементүүд бол нэлээн их байгаа. Тэдэнд байгаа давуу тал нь боловсруулах чадвар. Нийт ховор эрдэс металуудын 60 хувийг л  энд боловсруулаад байна. Мэдээж энэ өөрчлөгдөх ёстой. Тэгэхээр өрсөлдөөн гарч ирнэ. Ирээдүй бол яг л энэ чухал эрдэс менирал дээр төвлөрнө гэдэгтэй би санал нэг байна. Өмнө нь болохоор хүмүүс зөвхөн газрын тос, байгалийн хий дээр л байлдаад, дайн дажин хийгээд байдаг байсан бол ирээдүйд ерөөсөө л чухал эрдсийн төлөө явна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe