Г.Чинсанаа: Ипотекийн зээл олгоход өөрчлөлт оруулах тухай тушаал гараагүй байна

Ц.Чимэдцэеэ
2025-01-22

Ипотекийн зээлийг өрхийн орлоготой нь уялдуулан анх удаа авч буй иргэдэд 50 метр квадратад олгохоор болсон эсэх талаар Хот байгуулалт, орон сууцжуулалтын яамны Орон сууцжуулалтын хэлтсийн мэргэжилтэн Г.Чинсанаа дараах мэдээллийг өглөө.

-Ипотекийн хөнгөлөлттэй зээлийг 50 метр квадрат хүртэлх талбайтай орон сууцанд олгох шийдвэр хэзээ гарсан бэ?

-Ипотекийн хөнгөлттэй зээлийг зөвхөн 50 метр квадрат хүртэлх талбайн хэмжээтэй байранд л олгоно гэсэн шийдвэр гараагүй. Харин 60 метр квадрат хүртэлх 6 хувь, 61 ээс 80 хүртэлх метр кватратад 8 хувь байхаар тус тус тогтоож холбогдох журамд өөрчлөлт оруулахыг Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд зөвлөсөн. 

Цаашлаад 100 хүртэлх метр квадратад 10 хувь 40 хүртэлх метр квадратад 4 хувиар гэх зарчмаар төрийн хөнгөлөлттэй зээлийн бүтээгдэхүүнийг иргэдийн орлогын ялгаатай нөхцөл байдалд нь тохируулан төрөлжүүлж болно.

Зөвхөн төрийн хөнгөлөлттэй зээлд хамрагдах гэж байгаа тохиолдолд шалгуурууд нь хүү болон талбайн хязгаартай, анх удаа байр авч байгаа дундаж болон түүнээс доош орлоготой иргэдэд илүү таатай, хүртээмжтэй байхаар өөрчлөлтүүд орно гэсэн үг.

Түүнээс зах зээлийн зарчмаар буюу арилжааны банкны хүүтэй зээлээр худалдан авч буй орон сууцад энэ зохицуулалт хамааралгүй. Одоогоор 6 хувийн хүүтэй зээл олгосон хэвээр байна. Монгол банкны Ерөнхийлөгчийн тушаалд өөрчлөлт ороогүй байгаа.

-Яагаад дээрх зөвлөмж гарах болов?

-Засгийн газраас “Ипотекийн зээл”-ийн хөтөлбөрийг дундаж болон түүнээс доогуур орлоготой айл, өрх рүү чиглүүлэхийг зорьдог. Учир нь аль болох олон өрх орон сууцтай болж байж агаар, хөрсний бохирдол буурч, амьдралын чанар дээшилнэ гэж харж байгаа.

Сүүлийн үеийн тоо мэдээллээс харахад бага дунд орлоготой иргэд ипотекийн хөнгөлөлттэй зээлд хамрагдаж чадахгүй, хүртээмж сул байдаг тал ажиглагдаж байна. Ипотекийн хөнгөлөлттэй зээл авсан 110 мянган зээлдэгчдийн дунд судалгаа хийгээд дүгнэхэд ердөө 30-40 хувь нь дундаж ба түүнээс доош орлоготой иргэд рүү чиглэсэн, дийлэнх хувь нь өндөр орлоготой иргэдэд олгогдсон байдаг.

Иймээс орлогын түвшин харьцангуй доогуур ч гэсэн зээлийн шалгуураа хангаж буй иргэдэд ипотекийн хөнгөлөлттэй зээлийг илүү хүртээмжтэй байлгах үүднээс энэхүү хүү, талбайн шаталсан бодлогын арга хэмжээг авахаар танилцуулж байгаа юм.

-Дээрх зөвлөмж хэзээ ажил хэрэг болох вэ?

-Засгийн газраас 2025 оныг Залуучуудын жил болгон зарласантай холбогдуулан иргэдийг орон сууцжуулах бодлогыг анх удаа орон сууц худалдан авч буй хүүхэдтэй залуу гэр бүлүүд рүү илүүтэй чиглүүлэхийг зорин, нөхцөл байдлыг судалж байгаа. Бодлогын шийдлүүдийг ажлын хэсэг дээр хэлэлцэж дуусаад, Засгийн газарт танилцуулснаар албан ёсоор зарлана.

-Байраа томруулах хүсэлтэй иргэдийн хувьд дахин хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломж бий юу?

-Үүнийг Засгийн газраас нээлттэй хэвээр байлгах нь зүйтэй гэж үзэж байгаа. Гэхдээ ипотекийн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр хязгаарлагдмал учраас анх удаа орон сууц худалдан авч буй иргэдээ тэргүүн ээлжид дэмжинэ. 

-2025 онд ипотекийн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн төлөв ямар байх бол?

-Баялагийн сангийн хууль батлагдсантай холбоотой хуримтлалын сангийн хөрөнгөөс ипотекийн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрт зарцуулах боломж нээгдсэн. Үүний үр дүнд 2024 онд өмнө нь байгаагүй өндөр санхүүжилт буюу 1.3 их наяд төгрөгийн ипотекийн хөнгөлөлттэй зээл олгосон байна. Тиймээс цаашид ипотекийн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн эх үүсвэр энэ түвшиндээ хадгалагдаж, харьцангуй тогтвортой өссөн үзүүлэлттэй байх болов уу гэж төсөөлж байна.

Эх сурвалж: Хот байгуулалт, орон сууцжуулалтын яам

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe