Өнгөрсөн оны сүүлийн саруудад хэрэглэгчдийнх нь тоо 19 сая орчмоор огцом нэмэгдсэн стриминг үйлчилгээний Netflix платформ хэд хэдэн улсад үйлчилгээнийхээ үнээ нэмэхээр болжээ.
Тус компани АНУ, Канад, Аргентин, Португалд стриминг үйлчилгээний үнээ нэмнэ гэдгээ мэдэгдсэн байна. Мэдэгдэлд “Бид Netflix-ийг улам сайжруулна. Ийнхүү хөрөнгө оруулахын тулд гишүүдээсээ бага зэрэг илүү мөнгө төлөхийг үе үе шаардах болно” гэж дурджээ.
Netflix мөн хэрэглэгчдийнх нь тоо урьдчилан тооцоолж байснаас илүү өссөн талаар мэдээлсэн байна. Үүнд БНСУ-ын “Squid Game” цувралын хоёрдугаар бүлэг, сошиал медиа инфлюнсер, тулаанч Жэйк Пол, мэргэжлийн боксын дэлхийн хүнд жингийн аварга асан Майк Тайсон нарын тулаан зэрэг кино, спортын тоглолтууд шууд нөлөөлжээ.
АНУ-д ерөнхийдөө бүх үйлчилгээний үнэ өсөх бөгөөд зар сурталчилгаагүй стандарт үйлчилгээний үнэ одоо сард 15.49 доллар байгаа бол 17.99 доллар болж нэмэгдэнэ. Түүнчлэн зар сурталчилгаатай үйлчилгээний сарын төлбөр нэг доллароор нэмэгдэж, 7.99 доллар болно.
Netflix компани нь АНУ-д хамгийн сүүлд 2023 оны 10 дугаар сард үйлчилгээнийхээ үнийг өсгөж байсан, тухайн үед Их Британид мөн зарим төлбөрөө нэмж байлаа. Энэ удаа Их Британид үйлчилгээний үнэ өсөх эсэхийг тодруулахад, Netflix-ийн төлөөлөгч “Одоогоор энэ талаар мэдээлэл алга” гэсэн хариулт өгчээ.
Үүний зэрэгцээ Netflix компанийн хэрэглэгчдийн тоо өнгөрсөн жилд нийт 300 сая гаруйд хүрсэн байна. 2024 оны дөрөвдүгээр улиралд хэрэглэгчдийн тоо 9.6 саяар нэмэгдэх төлөвтэй байсан боловч үүнээс хол давжээ. Тус компани цаашид түүхэн үзүүлэлтүүдэд хүрэх үед нь гишүүнчлэлийн тоогоо зарлах ажээ.
Netflix “Squid Game” цуврал, “Paul v Tyson” тулаанаас гадна Зул сарын баярын өдөр Америкийн үндэсний хөл бөмбөгийн лигийн /NFL/ хоёр тоглолтыг дамжуулсан юм. Мөн “World Wrestling Entertainment”-ын тэмцээн, 2027, 2031 онд болох Олон улсын хөл бөмбөгийн холбоо /FIFA/ эмэгтэйчүүдийн ДАШТ-ийг шууд дамжуулах эрхийг худалдаж авчээ.
Өнгөрсөн оны 10-12 дугаар сард тус компанийн цэвэр ашиг өмнөх оны мөн үетэй харьцуулахад хоёр дахин нэмэгдэж, 1.8 тэрбум долларт хүрсэн байна. Мөн борлуулалтын хэмжээ 8.8 тэрбум доллароос 10.2 тэрбум доллар болж огцом өсжээ.
Сэтгэгдэл үлдээх