Нийслэлд хэрэгжүүлэх мега төслүүд: Шинэ цэнгэлдэх хүрээлэн, ТЭЦ-5, Туулын хурдны зам

Ж.Номин
2025-01-23

Засгийн газрын 1 сарын 22-ны хуралдаанаар Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилтын хүрээнд хэрэгжүүлэх мега төслүүдийг эрэмбэлжээ.

Тодруулбал, түгжрэлийг бууруулах төслүүдийн эрэмбийн эхэнд Улаанбаатар метро төслийн 1-р шугам, Улаанбаатар трамбай төслийн 2-р шугам, Туулын хурдны замын төсөл багтсан байна. Одоогоор Улаанбаатар метро болон Туулын хурдны замын ТЭЗҮ-г боловсруулж дуусжээ. 

Харин агаарын бохирдлыг бууруулах төслүүд дундаас ТЭЦ-5, Дулааны тархмал эх үүсвэр, Сэлбэ хот орон сууцжуулалтын төслүүд тэргүүлжээ. Эдгээрээс ТЭЦ-5 болон дулааны тархмал эх үүсвэрийн ТЭЗҮ-г дуусгасан байна. 

Мөн бусад төслүүд дундаас Шинэ цэнгэлдэх хүрээлэн, Туул усан цогцолбор, Шинэ зуун мод хотын дэд бүтцийн төслийг эрэмбийн эхэнд жагсаав. Үүнээс Шинэ зуун мод хотын дэд бүтцийн төслийн ТЭЗҮ-г дуусгажээ. 

Эрэмбэлсэн мега төслүүдийг “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, дунд хугацааны “Шинэ сэргэлтийн бодлого” зорилтот хөтөлбөр, “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т заасан 14 мега төсөлтэй уялдуулан хэрэгжүүлэх аж. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe