Энтертайнмент ертөнцийн энэ долоо хоногийн хамгийн онцлох үйл явдал 2025 оны Грэмми шагналд нэр дэвшигчдийн нэрс тодорхой болсон нь байлаа.
Beyonce энэ жил 11 төрөлд өрсөлдөх болсноороо нийт уран бүтээлчийг тэргүүлэв. Ингэснээр тэрээр уг шагналд карьерынхаа туршид 99 удаа нэр дэвшин, бүх цаг үеийн түүхэн дээд амжилтыг тогтоолоо. Нийт 32 Грэмми хүртсэнээрээ бүх уран бүтээлчдийг тэргүүлж буй түүний “Cowboy Carter” шилдэг цомогт, “Texas Hold ‘Em” шилдэг дуунд өрсөлдөж байна.
Энэ жилийн гол шагналын төлөөх өрсөлдөөнд 7 төрөлд өрсөлдөж буй Post Malone, Kendrick Lamar, Billie Eilish, Charli XCX нар гол жин дарах нь тодорхой. Түүхэн аялан тоглолт хийж буй Т.Свифт 7 дахь удаагаа шилдэг цомогт нэр дэвшиж, энэхүү амжилтыг үзүүлсэн анхны артист болжээ. Харин шилдэг, шинэ уран бүтээлчийн төлөөх тэмцэл Shaboozey, С.Карпентер нарын хооронд өрнөх төлөвтэй байна. The Beatles-ийн хамгийн сүүлийн уран бүтээл гэх тодотголтой “Now And Then” шилдэг дуу бичлэгийн төрөлд өрсөлдөх болсон. Энэ бол хиймэл оюун ухааны тусламжтайгаар бүтсэн уран бүтээл Грэммид нэр дэвшсэн анхны тохиолдол юм. Мөн АНУ-ын экс ерөнхийлөгч асан Ж.Картер хамгийн ахмад нэр дэвшигчийн рекордыг эвдлээ. Өнгөрөгч оны 12 сарын 29-нд зуурдаар нас барсан түүний намтар бүтээл “Шилдэг аудио ном”-ын төрөлд өрсөлдөх эрхтэй болжээ. Монголчуудын чих тавин хүлээж байсан The Hu-ийн Гластонбюригийн тоглолт энэ удаад нэр дэвших эрх авч чадсангүй.
Сонирхуулахад 67 дахь удаагийн Грэмми хоёрдугаар сарын 3-нд Лос-Анжелес хотын Crypto.com Аренад явагдах бөгөөд АНУ даяар CBS телевизээр цацагдаж, Paramount стримингээр шууд үзэх боломжтой юм. Шагнал гардуулах ёслолыг Өмнөд Африкийн инээдмийн жүжигчин Тревор Ноа тав дахь удаагаа дараалан хөтлөх болжээ.
Сэтгэгдэл үлдээх