Б.Алтанхуягийн санал болгож буй 5 ном

Б.Сувданзаяа
2025-01-24

Graph.mn сайтын "Санал болгох 5 ном" буланд Б.Алтанхуяг оролцож, 5 ном санал болгож байна. Тэрээр МУИС-ийг Утга зохиол судлаач мэргэжлээр төгссөн. Өдгөө Interview сэтгүүлийн Ерөнхий редакторын алба хашдаг. AUM паблишингийн хамтран үүсгэн байгуулагч юм. Шүүмж судлалын “Уншихуйд автахуй”, “Эртний Миссисипийн дуун”, сэтгүүл зүйн “Ааваас үлдсэн өвлийн дурсамжууд”, өгүүллэгийн “Муурын байшингуудын түүх”, “Эрээн муурын үхэл”, яруу найргийн “Амь тавих сарууд”, “Сүнсний нөгөө тал”, “Арван өвлийн хойно” зэрэг арав гаруй ном хэвлүүлсэн.

1. Бичихүйн тухай 

Бичнэ гэдэг зөвхөн утга зохиол, урлаг, уран зохиол, сэтгүүл зүйн салбарын мэргэжлийн хүмүүсийн хийдэг ажил биш. Хүн бүр өөрийн гэсэн эх хэлээр ярьж, сэтгэж, бусадтай харилцдаг. Ямар ч салбар мэргэжил байсан тэдгээрийн гол ололт, үүх түүх, арвин туршлагыг өгүүлсэн нэг ном заавал байдаг. Тиймийн учир өнөө цагийн аймшгийн зохиолын хаан, үгийн урлагийн мастеруудын нэг Стивен Кингийн тус ном бичих үйлсийн талаар өөрийн туршлага дээр тулгуурласан цэгцтэй мэдлэг олгохоос гадна хамгийн чухал нь бичих үйлсэд шимтэгч хэн бүхэнд урам зориг хайрлах билээ.

2. Тэжээвэр (шилмэл бүтээлийн чуулган)

Д.Норовын өгүүллэгүүдийг анх уншихад “монгол детектив” уншиж байх шиг мэдрэмж төрсөн нь одоо ч хэвээр. “Хоёр нутгийн эрх”, “Эр хүн”, “Өнийн цэнхэр уулс”, “Хулчгар” зэрэг өгүүллэгүүдийн яруу сайн монгол хэл, уран тансаг дүрслэлүүд нь сэтгэл хөлбөрүүлдэг. Эх хэлнийхээ тансаг сайхныг уран зохиолоос шимтэн таашаах үед энэ чинь миний эх орон шүү дээ гэх бодол төрдөг. Үеийнхэн маань өдгөө голцуу хувь хөгжил, намтар түүх унших элбэг болж, сайн зохиолч монголд байдаг уу? гэх асуултыг амны уншлага аятай давтсаар монгол уран зохиолын сайхнаас алсрах болсон. Тэр үедээ магадгүй Д.Норов зохиолчийн бүтээлүүдийг унших асуултдаа оносон хариулт авч чадах хамгийн сайн сонголт болох болов уу.

3. Баавгай

Уугуул оршин суугчдын хувь тавилан, эртний удмын цусны хүчирхэг ген, байгалийн догшин сүр хүч зэрэг нь хүний зан чанарын эерүү болоод халшрам харилцаа, эр зоригт тулгуурлан бүтээгджээ. Мөн хүн төрөлхтний хоёр соёлын уулзвар дээрээс олж авсан Фолкнерын хүчирхэг оюун санааны гарцгүй эмгэнэлээс эл бүтээл төрсөн юм. Ямар ч атугай бие хүний төлөвшил, байгалийг хайрлах жинхэнэ сэтгэлийг уран зохиолоос эрж ахул “Баавгай” туужаас л хайх хэрэгтэй.

4. Үхэлтэй бүжсэн үүрэгт бүжиг

Энэ бол дайны эсрэг зохиол. Мөн дахин нүүрлэх дайныг зөгнөсөн зарим хэсэг нь тун чиг егөөтэй бөгөөд романы асар их амжилтад нөлөөлсөн юм. Гэхдээ хэлэх гэсэн санаа нь биш л дээ. А.Н.Толстойн “Дайн ба энх” хэмээх нүсэр бүтээлд өгүүлдэг шиг дайн бол айдас, харин энх тайван гэдэг хайрлууштай эрхэм нандин үнэ цэн болохыг ойлгуулах гээгүй бөгөөд харин ч хүн төрөлхтний мөнхийн, үүрд үргэлжлэх мөн чанарыг л таниулахыг зорьж, дайн бол үргэлж байсан, цаашид ч байх зүй тогтол гэдгийг чин шударгаар хэлдэг. Түүний ихэнх зохиолууд диспони шинжтэй байдаг. Харин эл роман тун чиг гэгээлэг төгсгөлтэй.

5. Бясалгал

Яруу найрагч бүхэн л өөрсдийн дуу хоолой, үзэл санаа, философи, мэдрэмжтэй байдаг. Зарим нь цул бүхэллэг чанарыг бий болгосноор таньж мэдэрсэн, урлаж зүйсэн нь бөмбөрийн хэмнэл, төгөлдөр хуурын аялгуу, цөн түрэх нүсэр чимээ, салхины хүнгэсэн дуутай байх нь бий. Г.Аюурзаны яруу найргаас ямагт л зэнгийн хоосон чанарын бясалгал, нар мандаж, жаргах агшны үзэсгэлэн хийгээд байгалийн нам гүм анир ахуй мэдрэгддэг.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe