БНХАУ-аас Замын-Үүд боомтоор “Өег” гэх тамгатай 36 мянган өндөг хууль бусаар нэвтрүүлэхийг оролдсон талаар бид мэдээлсэн. Тэгвэл энэ мэт оролдлого дотоодын үйлдвэрлэгч, хүн амын эрүүл мэндэд ямар эрсдэл учруулж байгаа талаар "Түмэн шувуут" ХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Болдоос тодрууллаа.
-Үйлдвэрлэгчийн хувьд зах зээлээ эчнээ тандаж, судалсан, тодорхой мэдээлэлтэй байдаг байх. Энэ мэт оролдлогууд өмнө нь гарч байв уу?
-Манай Шувууны аж ахуй эрхлэгчдийн холбоонд эртнээс хөдөө орон нутгийн зарим хоолны газар зэрэг хүнсний бизнес эрхлэгчид гарал үүсэл нь тодорхойгүй өндөг худалдаалж байна гэсэн мэдээлэл байнга ирдэг байсан. Бид холбогдох байгууллагуудад удаа дараа хандаж, үүнийг шалгаж, олж тогтоож өгөхийг хүссэн. Гэхдээ тухайн үед тодорхой баригдсан, илэрсэн зөрчил байгаагүй учраас асуудлыг хөндөх боломжгүй байсан.
Энэ удаа манай гаалийн байцаагч нар маш сайн ажиллаж, “Өег” гэсэн тамгатай өндөг газар дээр нь барьж авлаа.
3 жилийн өмнө Казахстаны нэг ферм дэх шувуунд халдварт өвчин гарсан. Тэр фермийн аж ахуйн өндөг Баян-Өлгийгөөр дамжиж орж ирж, маш хямд үнээр худалдаалагдаж байсан нь том эрсдэл байсан. Гэхдээ бид мөрдөн шалгах байгууллага биш учраас яг таг барьж чадаагүй, зөвхөн тэр компанийн хоосон хайрцаг л үлдсэн.
-Бизнес эрхлэгчийн хувьд энэ мэт асуудал дотоодын зах зээлд, цаашлаад хүн амын эрүүл мэндэд ямар эрсдэл учруулж байна вэ?
-Шувууны гаралтай халдварт өвчин ихэвчлэн өндгөөр дамжиж ирдэг. Хятад бол шувууны гаралтай халдварт өвчин гардаг бүс нутаг. Тийм эрсдэлтэй бүс нутгаас хууль бусаар, хямд өндөг оруулж ирлээ гэхэд аж ахуйн стандартын шаардлага хангасан, тахианууд нь эрүүл юу гэдэгт хэн ч дүгнэлт гаргах боломжгүй. Тийм бүс нутгаас бэлтгэгдсэн өндөг орж ирвэл манай шувууны аж ахуйд халдварт өвчин тархах эрсдэл бий болно.
Өндөг бол маш амархан мууддаг, тээвэрлэлт хадгалалтын онцгой горим шаарддаг бүтээгдэхүүн. Яг одоо зун, урин дулаан халууны улирал. Ийм үед хөргүүртэй тээврийн хэрэгслээр тээвэрлэх ёстой байтал нуугаад, далд хийж байгаа нь тээвэрлэлт хадгалалтын горимыг хангах боломжгүй гэсэн үг.
Хил гаалийн ямар нэгэн татвар төлөхгүй орж ирж байгаа учраас хямдхан үнээр гадуур худалдаалагдах магадлалтай. Хэрэглэгчид дангаараа худалдаж авахаас гадна дамжуулан борлуулагчид болон хоолны газар, цайны газрууд ч үүнийг анхаарах хэрэгтэй. Чанарын баталгаагүй, муудсан өндөг байх магадлалыг үгүйсгэхгүй. Багахан ашгийн төлөө хүний амь насанд хүрэх эрсдэлтэй ажил хийж болохгүй. Хямд үнэнд нь автаж баталгаагүй өндөг битгий аваасай.
-Монгол Улсад шувууны аж ахуй эрхлэгчид баталгаатай байдлаа хэрхэн хангадаг бол, хэрэглэгчид хэр итгэлтэй байх боломж хэр байна вн?
-Монгол орон бол шувууны гаралтай халдварт өвчнөөс тайван бүс нутаг. 15-16 жилийн өмнө нэг удаа тийм өвчин гарч байснаас хойш тайван байгаа. Учир нь манай шувууны аж ахуй эрхлэгчид вакцинаа цаг тухайд нь сайн хийдэг. Хоёрдугаарт, маллагааны арга нь задгай биш, шувууны байран дотор байдаг тул хээрийн зэрлэг шувуутай харьцдаггүй.
Зэрлэг шувуугаар дамжиж болно. Эсвэл өвчтэй бүс нутгаас бэлтгэгдсэн өндөг, тэжээл зэргээр дамжин халдварлах эрсдэлтэй. Манайд эдгээр зүйл харьцангуй сайн, тайван байгаа.
-Өнгөрсөн жил өндөгний үнэ нэмэгдэж, олон нийт бухимдлаа илэрхийлээд байсан. Ер нь үе үе өндөгний үнэ ямар шалтгаанаар нэмэгддэг вэ?
-Энэ нь манай улс импортын өндөг хэрэглэдэг байсантай холбоотой. Тэр үед дотоодын үйлдвэрлэл нийт хэрэгцээгээ хангах түвшинд хүрээгүй байсан. Импортын өндөг тасалдах үед эрэлт өндөр, нийлүүлэлт хүрэлцэхгүй болж үнэ өсдөг байв. Одоо дотоодын үйлдвэрлэл хангалттай хэмжээнд хүрсэн тул компаниудын хоорондоо өрсөлдөнө, ийм байдлаар үнэ харьцангуй тогтворждог.
Ер нь дэлхийн зах зээл дээр өндөг 10-15 цент (360-540 төгрөг) байдаг. Учир нь тахиа дэлхийн стандартын адил тэжээл иддэг. Манай тахианууд ч Америк, Япон дахь тахианы адил тэжээл идэх ёстой. Үнийн зөрүү нь цахилгаан, дулаан, банкны зээл, инфляц зэргээс шалтгаалдаг болохоос тахианы өндөгт зарцуулагдах тэжээл дэлхий даяар ойролцоо байдаг.
Хэт хямдхан байвал тэр өөрөө сэжигтэй. Хугацаа нь дуусаж байгаа ч гэдэг ч юмуу эрсдэлтэй. Дэлхий дээр байхгүй технологи хэрэгжүүлж, өндгөө маш хямдхан үйлдвэрлэх боломж байхгүй. Тиймээс хямдхан өндөг хэрэглэгчид сэрэмжлэх хэрэгтэй.
Сэтгэгдэл үлдээх