Б.Тунгалагтуяа:  Төрөх өрөөнд орж ирсэн аав нар заримдаа бүр хажуугаас дүлнэ шүү дээ

Ц.Чимэдцэеэ
2025-01-27

20 гаруйхан насандаа 9 мянга гаруй амьдрал өлгийдсөн Нийслэлийн Амгалан амаржих газрын Эх баригч Б.Тунгалагтуяатай ярилцлаа.

-Эх баригч эмчээр хэдэн жил ажиллаж байна?

-Одоогоор 4 дэх жилдээ ажиллаж байна. Би оюутан болоод хамгийн анх сургуулиа төгсчхөөд шууд Амгалан амаржихдаа ажиллахаар ирээд Хүний нөөцийн өрөөнөөс шууд төрөх тасаг руу ирээд ажиллаж байсан. Тэгээд дагалдаад, одоо 4 жил тасралтгүй төрөх  тасагт ажиллаж байгаа. 

-Яагаад энэ мэргэжлийг сонгох болсон бэ?

-Анх манай өвөө байхдаа намайг эмч болоорой гэдэг байсан. Өндөр, цагаан эмч болно доо миний охин гээд. Тэгээд багаасаа л эмч болно гэж боддог байсан юм.

-Ажиллаад үзсэн чинь анх төсөөлж байсан шиг нь байсан уу?

-Ер нь анх удаа ажил хийж эхлэхэд хэцүү зүйлүүд их байна. Мэдэхгүй, чадахгүй юм ч олон. Би эгчийндээ байдаг байхдаа очоод, ажлаа хийхээ больдог юм уу, аймаар хэцүү байна гэж хэлдэг байсан. Тэр үед эгч маань чадна аа гээд их зоригжуулсан. Сүүлдээ гарт ороод, сураад, мэдээд ирсэн чинь ажилдаа илүү хайртай болсон.

-Ажиллах хугацаандаа нийтдээ хэдэн нярай эх барьж авсан бэ?

-Одоогоор 9 мянгаад орчим болж байна.

-Таны хувьд эхийг зөвхөн төрүүлээд л болдог юм уу, эсвэл өөр чиг үүрэг байгаа юу?

-Миний мэргэжил бол Эх баригч. Бид тухайн ээжийг төрөх тасагт гардаж аваад, өвдөлтийн процесс, базалт, савны амсар 10 см нээгдэж төрөх, төрсний дараах тасаг руу шилжих бүх процесст хамт байдаг юм.

-Эх барьж авсан ээж болгоноо таньдаг уу?

-Сайн танихгүй шүү дээ заримыг нь. Өмнө жилийн зун төрсөн ээж маань  манай ажлаас миний дугаарыг олж аваад, надтай холбогдож, хүүхдээ 1 ой хүрэхээс нь өмнө уулзуулах гэж байсан. Тэгээл би царайг нь харахаар танихгүй байгаа байхгүй юу. Иймэрхүү зүйлс болж байсан. Хөөрхөн хөөрхөн юмнууд байдаг юм.

-Цаашдаа эмчийн хувьд эх баригчаараа л ажиллана гэж боддог уу?

-Харин ээ, одоо яг бодож л байна. Цаашаа өсөж дэвжих, магистраараа сурах байх. Одоогоор ямар ч байсан төр засагтаа ажиллаж л байна. Энэ жил бас байгууллагын шилдэг эх баригчаар шалгарсан. Түүндээ бас их баяртай байгаа.

-Эмч мэргэжил бол нэлээн завгүй, хэцүү мэргэжил шүү дээ. Жижүүрт гардаг, шөнө орой  нойр хоолгүй явдаг тохиолдол их байдаг байхдаа?

-Тийм. Бид нар чинь байнгын ээлжид хонож явна. Заримдаа өдрөөр, заримдаа оройгоор гээд сөөлжиж явдаг юм. Тэгэхээр бас жижүүрээс бууж очоод л гэрийн ажил бас цалгардана. Гэртээ очоод шууд ядраад л унтчихна. Жижүүрт хонохоор чинь унтаж амарна гэдэг ойлголт бараг байхгүй шүү дээ. Гэнэт л ээжүүд өвдөөд төрөхөөр болно. 

-Гэр орны ажил бол орхигддог гээд хэлж байна тэ. Тэгэхээр хувийн амьдралаа төвхнүүлэх, найз залуутай болох гэдэг юм уу, амжуулах боломж ер нь хэр байна?

-Би одоо аав ээж, дүү нартайгаа цуг амьдардаг. Одоохондоо тусдаа гараагүй байгаа. Тэгэхээр чинь миний ээлжид гарч байгааг ерөөсөө ойлгохгүй. Заримдаа ажилдаа байгаа билүү, гэртээ байгаа билүү ерөөсөө ойлгодоггүй. Би “Та нар одоо миний ажлын хуваарийг ерөөсөө ойлгохгүй юм” гэдэг. Бас хүний нөөц хомс үед ч юм уу илүү цагаар ажиллах хэрэгтэй болдог. Тийм үед ээлжээс буугаад л очиж унтаад, ахиад маргааш нь шууд ажилтай. Тэгэхээр бусад өөртөө анхаарах ч гэдэг юм уу, бусад гэр бүлдээ анхаарах ч юм уу тиймэрхүү зүйлүүд дээр жаахан орхигдох нь их байдаг.

-Сая ажлынхантай нь ярьж байсан чинь залуу хүүхэд эрч хүчтэй байгаа гээд л дахин дахин хэлээд байсан. Тэгэхээр чөлөөт цагаа хэрхэн, яаж өнгөрүүлж байна, чөлөөт цаг ер нь гарч байна уу, бусад залуусын адил шоудаж амжиж байна уу?

-Шоудаж бол амжихгүй байна. Манайх чинь 7 хоногт нэг удаа спорт заалтай байдаг. Тэндээ очиж заримдаа тоглодог юм. Ер нь волейбол тоглох дуртай. Тэмцээн уралдаандаа бас давхар ороод явдаг. Ер нь зааланд л очдог юм даа. Заримдаа утсаараа кино үзэх ч юм уу чөлөөт цагаараа. Хэл сурах гээд одоохондоо амжихгүй л байна.

-Үүргээ гүйцэтгэж байхад хамгийн баяр жаргалтай мөч ямар байдаг вэ? Яг ямар мэдрэмж төрдөг юм бол?

-Хүүхэд төрөөд, ээжийн гэдсэн дээр шууд тавьдаг. Тэгээд “За тэдэн цаг, тэдэн минут секундэд тийм хүүхэдтэй боллоо. Баяр хүргэе” гэж хэлэх хамгийн сайхан байдаг юм. Бас ар гэрийнхэн нь хамт орж ирдэг л дээ. Тэгээд манайхан чинь янз янз болно. Сэтгэл хөөрөл ихтэй, уйлна. Тэгэхээр нь дагаад уйлах гээд л. Бас хүүхдийг нь хамгийн анх бид нар амлуулна. Тэр үед хүүхдийн хөхөө хөхөх мэдрэмж хамгийн хөөрхөн байдаг. Тэгэхээр би бүр дагаж уйлах гээд л. Сэтгэлд аягүй хөөрхөн байдаг юм өө тиймэрхүү мэдрэмжүүд.

-Ар гэрийнхнээс гаргаж байсан хамгийн сонирхолтой реакциудаас санаж байгаагаасаа хуваалцаач?

-Зарим нь бүр өмнөөс нь дүлнэ шүү дээ. Дүлээрэй, дүлээрэй гэхээр хажуугаас дүлж мүлцэн, зарим нь чүү мүү гэнэ. Янз янзын юмнууд их олон байдаг юм өө. Яриад байвал зөндөө л юм байгаа байх. Яг тулаад ирэхээр бас олдохгүй л байна. Аав нар ер нь их инээдтэй шүү дээ манай аав нар чинь. Тэгээд юмаа хайна. Тэнд тийм юм байгаа гялс тэрийг аваад ир гэхээр нөгөөх нь олдохгүй. Хаана байгаа билээ, хаана байгаа билээ гээд л.

Ээжүүд төрөх төрөх үед нэлээн их юм болж байгаа шүү дээ. Тэр хүний мэдрэмж бол нэлээн хэцүү байдаг байх. Та өөрөө төрсөн үү?

Төрөөгүй.

Ямар санагддаг вэ? Өвдөөд, зовж байгааг нь харахаар.

Хэцүү шүү дээ ер нь бол. Яг өвдөлтийг мэдрээд ирэхээрээ хүмүүсийн гаргаж байгаа характер хүртэл өөр өөр байдаг. Зарим нь бол учиргүй уйлаад л бөөн юм болно. Зарим нь бүр би явлаа, эмнэлгээсээ гараад гэр лүүгээ харилаа гэж хүртэл өвддөг. Тэр үед чинь бас л аль чадахаараа зөвлөгөө өгөөд, дэмжээд л төрүүлдэг дээ.

-Ээжүүдийг сэтгэл санааны хувьд ямархуу бэлтгэлтэй байгаасай гэж хүсдэг вэ?

-Манайхан төрөх үеийн боловсролоо сайжруулах ёстой юм болов уу гэж боддог юм. Сэтгэл зүйгээ маш сайн бэлдэх ёстой. Ялангуяа анхан төрөгч нар маань яаж өвддөг үү, яадаг вэ гэдгээ мэдэхгүй шүү дээ. Тийм учраас тэр талын мэдлэгийг аягүй сайн олгох хэрэгтэй юм болов уу гэж боддог. 

-Өөртөө тэр үед баярлаж, бахдаж байсан ч гэдэг юм уу, өөртөө юу гэж хэлмээр байна?

-Эхлээд жаахан эвгүй л санагдаж байсан л даа. Би ажилд ороод 4 жил болчхоод шилдэг эх баригч болчихоор бас өөртөө жаахан эргэлзээд ч гэх юм уу, тэрийгээ дагаад давхар хариуцлага ирж байгаа юм. 4 жил тасралтгүй төрөх өрөөнд ажиллаж байгаа болохоор өөрөөрөө давхар бахархаад, чи чадаж байна, хүмүүсээ төрүүлээд, мундаг байна ч гэдэг юм уу. Өөртөө бас нэг удаа тэгж хэлсэн. 

-Бодож явдаг зүйлээ хэлэх боломжийг олгож байна?

-Хамгийн анх ажлын гараагаа эхэлсэн, амь тосож, амьдрал өлгийдсөн Амгалан амаржихын хамт олондоо, гэр бүлдээ, найз нөхдөдөө, хайртай хүмүүстээ, хамгийн анх орж ирэхэд тусалж, зааж, сургасан багш Оюунмандах эгчдээ баярлалаа гэж хэлье.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe