Х.Баасанжаргал: Хаврын морин уралдааныг сэргээж болохгүй, энэ бол өв соёл, уламжлал огт биш

.Graph
2025-01-27

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал хаврын морин уралдааныг сэргээх талаар болон уяачид улс төрд хэрхэн нөлөөлдөг талаарх мэдээллийг өглөө.

Тэрээр "Жил болгон хаврын морин уралдааныг сэргээх асуудал яригддаг. Энэ асуудлыг ярихдаа морин спортыг өвөл, хаврын цагт хориглосноор өв соёлоо устгах гэсэн, тусгаар тогтнолд заналхийлсэн зүйл гэж хэлдэг. Гэхдээ улс төрч хүний үг, үйлдэл үнэн байх ёстой.  Миний бие хаврын морин уралдаан нь уламжлалын эвдсэн зүйл биш гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Үүнийг шүүхээс тогтоосон. 2004 оноос хойш хаврын уралдаан болдог болж, 2019 онд хориглогдсон. Өөрөөр хэлбэл, 15 жилийн түүхтэй л зүйл гэсэн үг. Ийм зүйлийг яагаад өв соёл гэж ойлготлоо андуурч, энэ хэмжээнд хүрч байна вэ. Үүнд улс төрчид буруутай. Улс төрчдийн буруу оролцооноос болж, 15 жилийн л түүхтэй хаврын уралдааныг өв соёл мэтээр ойлгож иржээ.

Түүхийг нь харвал, Засгийн газрын шийдвэрээр болсон уралдаанд уяач оролцвол цол, чимэг олгодог хууль 2004 оноос хэрэгжиж эхэлсэн. Ингэснээр хууль ёсоор хүүхдийн эрхийг зөрчиж эхэлсэн. Ингээд 2019 оноос хаврын уралдаан, бэлтгэл сунгааг хориглосон. Хориглосон, дээрээс нь шүүхээс хоёр ч удаа шийдвэр гарсан байхад орон нутагт үүнийг зөрчиж ирсэн. Энэ нь дахиад л улс төртэй холбоотой.

Орон нутгийн уяачид гэх нэр нөлөө бүхий, мөнгөтэй хэсэг бүлэг нөхөд улс төрчдөд хаврын уралдааныг сэргээ, тэгвэл хөдөөгийн залуусын саналыг авна гэж ятгадаг байсан. Ерөнхий сайд өнгөрсөн Цагаан сараар уяачидтай суугаад нэвтрүүлэг хийхэд уяачид хаврын уралдааныг сэргээх асуудлыг ярьж л байсан. Тэгэхээр уяачдыг лобби улс төрд асар хүчтэй байгаагийн тод хоёр жишээ энэ юм.

Засгийн газар уяачдын хаврын уралдааныг сэргээх хүсэлтэд ҮГҮЙ гэх ёстой" гэлээ. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe