Парисын 12-р дүүргийн Хотын захиргааны байранд даваа гарагийн шөнө гал гарч, хүний амь нас эрсдээгүй ч 19-р зууны барилгын хонхтой цамхаг ноцтой гэмтжээ.
Түймэр ойролцоогоор 3.00 цагт барилгын дээвэрт гарсан байна. Онцгой байдлын 150 орчим гал сөнөөгчид галыг унтраасан бөгөөд барилгын хонхны цамхагийн дээд хэсэг нурах эрсдэлтэй учир эргэн тойронд хамгаалалтын бүс байгуулжээ.
Парис хотын дарга Анн Хидалго "Шинжээчид галын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа" хэмээн мэдэгджээ. Мөн түймрийн улмаас тус дүүргийн харьяат оршин суугчдад төрийн бүх үйлчилгээг 11-р дүүргийн байранд үзүүлэхээр болсон талаар мэдэгдсэн юм.
Уг Хотын захиргааны байр нь 19-р зуунд буюу 1876 онд баригдсан, 36 метр өндөр хонхтой цамхаг бүхий эртний барилга билээ.
Дашрамд сонирхуулахад 2019 оны 4 сард Францын хамгийн алдартай түүхэн дурсгалуудын нэг болох Нотр Дам буюу Парисын дарь эхийн сүм түймэрт шатаж ихээхэн хохирол амсаж байжээ.
Сэтгэгдэл үлдээх