Саудын Арабын “Аль-Хилал” клуб Бразилын довтлогч Неймартай харилцан тохирч байгуулсан гэрээгээ цуцалсан тухай мэдээллээ.
Бразил эр 2023 оны наймдугаар сард “Ал-Хилал” клубт 90 сая еврогоор шилжин ирж, 2026 оны ДАШТ-ний урьдчилан шалгаруулах шатны Уругвайн хийсэн тоглолтонд бэртэл авч, "өвдөгний үений чагтан холбоос шөрмөс урагдсан" гэсэн оноштойгоор эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон юм. Жил гаруй хугацаанд талбайд гараагүй байсан Неймар нь 2024 оны 11 дүгээр сард Азийн аваргуудын лигийн дөрөвдүгээр тойрогт Ираны “Эстеглал” багтай хийсэн тоглолтод оролцохдоо дахин гэмтэл авчээ. Хэдийгээр түүний гэрээ энэ зун АНУ-д зохион байгуулагдах Клубуудын ДАШТ-ий дараа дуусахаар байсан ч 2 жилийн хугацаанд арабын багт ердөө 7хон тоглолт хийсэн дээр нь жилийн 100 сая еврогийн цалинтай, байнга бэртэл гэмтэл авдаг зэрэг хүчин зүйлс гэрээ цуцалахад нөлөөлсөн байна. Өдгөө 32 настай Неймар тамирчны замналаа эхлүүлж байсан Бразилын “Сантос” багтаа гэрээ байгуулах тал дээр аман тохиролцоонд хүрсэн байна.
Неймар нь 2017 онд “Барселона”-гаас 222 сая еврогоор дэлхийн хөл бөмбөгийн түүхэнд дуулдаагүй өндөр үнээр Францын “Пари-Сен-Жермен” багт шилжиж ирсэн бөгөөд Францын аваргаар 5 удаа, Супер цомын эзнээр 4 удаа шалгарч, Францын цомын тэмцээнд 3 удаа, Лигийн цомын тэмцээнд 2 удаа түрүүлсэн байна.
Харин “Барселона”-гийн бүрэлдэхүүнд Испанийн аваргаар 2 удаа, Испанийн цомын аваргаар 3 удаа шалгарч, Аваргуудын лиг, УЕФА-гийн Супер цомын ба клубүүдийн ДАШТ-нд тус бүр 1 удаа түрүүлж байв.
Неймар хөлбөмбөгчний замналаа Бразилын “Сантос” клубт эхлүүлж, Бразилын цом ба Либертадосын цомын тэмцээнд түрүүлж байжээ. Тэрбээр 79 гоолтой Бразилын шигшээ багийн бүх үеийн мэргэн бууч билээ.
Сэтгэгдэл үлдээх