Кока-Кола компани Европ дахь бүтээгдэхүүнээ худалдаанаас эргүүлэн татаж буйгаа Даваа гаригт мэдэгдлээ.
Мэргэжлийн хяналтын шалгалтаар хүний эрүүл мэндэд аюултай хлорат хэмээх бодис Coca-Cola, Fanta, Sprite, Tropico, Minute Maid зэрэг ундаанд их хэмжээгээр илэрсэн тул дээрх арга хэмжээг авсан байна.
Компанийн мэдэгдэлд дурдсанаар Бельги, Нидерланд, Британи, Герман, Франц, Люксембург улсуудад 11-р сараас хойш түгээсэн лаазтай болон шилтэй ундаануудад бодисын түвшин хэвийн хэмжээнээс их байжээ. Яг хэдий хэмжээний гэдгийг тодорхой хэлээгүй ч нэлээд их байсан гэж үзэж байна.
Хлорат бодис нь ус цэвэршүүлэх болон хүнсний боловсруулалтад өргөн хэрэглэгддэг хлорын ариутгагч бодисоос гаралтай тул хүнсний бүтээгдэхүүний найрлагаас илрэх нь бий. Гэхдээ хлоратыг удаан хугацаагаар хэрэглэх нь хүүхдийн эрүүл мэндэд аюул учруулж болзошгүйг Европын хүнсний аюулгүй байдлын газар 2015 онд мэдээлж байжээ. Энэ нь иодын хөнгөн болон дунд зэргийн бамбай булчирхай дутагдалтай хүүхдэд нэн ялангуяа хамааралтай.
"Coca-Cola Europacific Partners Belgium" фирм зарагдаж амжаагүй бүтээгдэхүүнүүдийн дийлэнхийг нь дэлгүүрүүдийн лангуунаас эргүүлэн татсан бөгөөд үлдсэн бүх бүтээгдэхүүнийг зах зээлээс гаргах арга хэмжээг үргэлжлүүлэн авч байна.
Гэхдээ тус компанийн Франц дахь салбарт хараат бус шинжээчид дүн шинжилгээ хийгээд ямар нэгэн эрсдэл гарах магадлал бага гэсэн дүгнэлтэд хүрчээ. Мөн хэрэглэгчээс одоогоор гомдол хүлээж аваагүй байгаа гэв.
Сэтгэгдэл үлдээх