Сансрын инженер мэргэжилтэй Герман улсын иргэн 59 настай Рудигер Кох усан доор хамгийн удаан буюу 120 хоног амьдарч, Гиннесийн амжилтын эзэн боллоо.
Рудигер Кох нь Баасан гаригт Гиннесийн дээд амжилтыг бүртгэгч шүүгч Сюзана Рейесийг харж байхад уснаас гарч ирсэн байна.
Панамын эрэг, Карибын тэнгист усан дор 11 метрийн гүнд 120 хонохдоо 30 м2 талбайтай капсул гэрт амьдарчээ. Капсулт хүрэхийн тулд Панамын хойд эргээс завиар 15 минут явна. Тодорхой цэгт хүрмэгцээ спираль хэлбэрийн нарийн шатаар доош бууж капсулд хүрдэг аж.
Түүний капсул дотор орчин үеийн хүний амьдралд шаардлагатай юм бүхэн байжээ. Тухайлбал ор, суултуур, зурагт, компьютер, интернет, тэр бүү хэл дасгалын дугуй эрчим хүчний үүсгэвэр хүртэл багтана. Гадаргуу дээрх нарны хавтангууд нь капсулыг цахилгаанаар хангадаг.
120 хоногийн хугацаанд уснаас огт гарч ирээгүйг нь нотлохын тулд түүнийг 24/7 цагийн турш дөрвөн камераар хянажээ. Мөн сэтгэцийн эрүүл мэндийн хяналтад байнга хамрагдсан байна.
Тэрбээр өөрийн дуртай зохиол болох алдарт Жюль Вернийн "Усан доогуур 20 мянган бээр аялсан нь" номноос санаа авч усан доор олон хоногоор амьдарч үзэх гэсэн бодол төрсөн гэдэг. Тус зохиолын гол дүр ахмад Немог Рудигер Кох шүтэн биширдэг ажээ.
Өмнөх дээд амжилтын эзэн нь Америкийн иргэн Жозеф Дитури. Флоридагийн нуурын усан доор 100 хоног амьдарч байв.
Сэтгэгдэл үлдээх