Төрийн ордонд өчигдөр (2025.01.29) "Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонгол" зохион байгууллаа. Энэ үеэр эрх баригчдад дуу хоолойгоо хүргэсэн иргэд эрчим хүчний реформ, цахилгааны үнийг хөндөж, бухимдлаа илэрхийлж байв.
Манай сайтын зүгээс мөн утааны эсрэг өөрсдийн шийдлээр тэмцэн дулаанаар цахилгаанаар шийдсэн айлуудын асуудлыг сурвалжилж байлаа. Тэгвэл энэ удаад дээрх асуудлаар Хот төлөвлөлтийн инженер мэргэжилтэй УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцтай ярилцав.
Ярилцлагын видео бичлэгийг энд дарж үзээрэй.
-Эрчим хүчний реформ нэрийн дор цахилгааны үнэ нэмсэн нь хэсэг бүлэг иргэдэд хүндээр туссан. Бодлого боловсруулах үүрэг хүлээсэн хүний хувьд энэ талаар ойлголттой байх гэж найдаж байна?
-Эрчим хүчний реформ, үүний хүрээнд цахилгааны үнэ нэмсэн асуудал хот төлөвлөлттэй нягт уялдаатай тул маш их анхаарч байгаа. Үнэ нэмэхээс өмнө эрчим хүчний зохицуулах хороонд хоёр удаа албан бичиг хүргүүлж, ямар байдлаар нэмэх, иргэдийн ачаалал хэр ихсэх зэрэг мэдээлэл авсан учир нэлээн ойлголттой байна.
-Цахилгааны үнийг 30 хувиар нэмнэ хэмээн мэдэгдсэн ч зарим айлуудынх бараг 200 дахин нэмэгдсэн байсан. Үүнийг хэрхэн харж байна вэ?
-Дээр дурдсан асуулгын хүрээнд оны өмнө авсан 2 мэдээлэл байна. Үүндээ үндэслээд тайлбарлая.
2024 оны 11 сарын 15-наас өмнө 1кВт.ц цахилгаан 216 төгрөг байсныг нь 280 төгрөг болгоод буюу 30 хувиар нэмсэн. Ингэхдээ хэрэглээгээ үнэтэй нь нийцүүлсэн буюу хэрэглэгчдээ 4 ангилж болж байгаа юм.
Эхнийх нь нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай ахмад настан, өрх толгойлсон эцэг, эх, бага орлоготой иргэд. Тэдний 100 кВт.ц хүртэл хэрэглээг нь 84.08 төгрөг. Харин 100квт-аас цагаас илүү гарвал 105 төгрөг.
Дараагийх нь бага дунд орлоготой буюу нийт өрхийн 45 хувь нь хамрагдаж байгаа. Энэ айлуудыг 150 кВт.ц хүртэл нь 175 төгрөгөөр буюу бодит өртгөөсөө хямд, өмнөхөөс 35 төгрөгөөр л нэмсэн гэсэн үг. 150 кВт.ц-аас дээш хэрэглэх юм бол бодит өртгөөрөө буюу одоогийн яг зах зээлийнхээ үнээр авах шаардлагатай.
Одоо харин хаана хамгийн өндөр цахилгааны төлбөр гарчхаад байгааг таамаглавал бага дунд орлоготойгоос дээш буюу дундаас дээш орлоготой, сардаа 150-300 кВт.ц цахилгаан хэрэглэдэг өрхүүд одоогийн байдлаар нийт өрхийн 40 хувь нь.
Мөн 300 кВт.ц-аас дээш хэрэглээтэй буюу өндөр орлоготой өрхүүдэд хамаарч байгаа айлууд нийт өрхийн 15 хувь юм. Эд нар нэмсэн үнээрээ 285 төгрөгөөр тооцон төлбөрөө төлж байгаа.
-Өрхийн хэрэглээнд үндэслэн орлогоор ангилахаас илүүтэй бага орлоготой ч дулаанаа цахилгаанаар шийдсэн айлуудын асуудал хөндөгдөж байгаа. Энийг хэрхэн авч үзсэн юм бол?
-ЗГ-аас хэрэгжүүлж байгаа шөнийн тарифын буюу орой 9 цагаас өглөө 6 цагийн хооронд үйлчилж байгаа хөнгөлөлт. Энэ нь 220 вольтын хүчдэлтэй өрх болон 380 вольтын хүчдэлтэй өрхөд тус тус өөрөөр үйлчилж байгаа.
220 вольттой айлын хэрэглээ 700 кВт.ц хүртэл байвал 100 хувь хөнгөлчихнэ. Үүнээс дээшээ гарах юм бол 50 хувь хөнгөлнө. 380 вольтын хүчдэлтэй бол 1500 кВт.ц хүртэл 100 хувь хөнгөлнө. Үүнээс дээш хэрэглээг нь 50 хувь хөнгөлж байгаа.
Төрийн бодлого маань дээрх айлуудыг шөнийн цахилгааныг ашигласан халаагуур ашиглаач ээ гэсэн зүйлд чиглээд байгаа юм.
Мэдээж би бол зуухнаасаа салаад утаа гаргахаа болиод цахилгаан хэрэглэж байгаа айлуудад маш их баярладаг. Ингээд утааг бага ч болов ч гэсэн бууруулъя гээд цахилгаанаар халаалтаа шийдээд байхад нь эсрэгээрээ төлбөр нь их гардаг ч юм уу тийм зүйлүүд гараад байгаа. Гэхдээ энэний нөгөө гол шалтгаан нь хаана байгаа вэ гэхээр байшингийнх нь дулаан алдагдал нь хэд байгаа вэ гэдэг асуудал.
Жишээ нь пассив хаус гэдэг Германы стандарт байгаа. Монголоор бол эрчим хүчний хэмнэлттэй эсвэл ногоон барилгын стандарт гэж ярьдаг. Үндэсний стандарт болгоод “Бест гэр” гэдэг ногоон барилгын стандартыг өнгөрсөн жил баталсан. Ер нь бол байшингаа халаасан бол тэр дулаанаа хадгалдаг, халуун савтай адилхан л болно гэсэн үг.
Үндсэндээ тавхан л зүйл байгаа. Дулаалга, цонх нь чанартай, ухаалаг агааржуулалттай, өндөр битүүмжлэл буюу дотор байгаа халуун агаар гадагшаа гарахгүй байх, ухаалаг дизайнтай байх ёстой буюу одоо эрчим хүч алдагдах дулаалгагүй хэсэггүй байх шаардлагатай юм.
Цахилгааны төлбөр нь өндөр гараад байгаа айлууд эдгээрт л анхаараад өгөх хэрэгтэй хэрэгтэй. Би 2011 оноос хойш гэр хорооллын айлуудаар судалгаа хийж явдаг байсан. Архитектур хийж байх хугацаандаа 100 гаруй айл өрхөөр орсон.
Тэгэхэд гэр хорооллын нийт өрхийн 80% нь байшингаа өөрсдөө барьсан байдаг. Ингэхдээ дулаалга, битүүмжлэл гэсэн зүйлүүдийг мэдэхгүйгээсээ болоод дулаалгаа дутуу хийдэг юм билээ.
Ялангуяа ханаа дулаалсан ч шал, тааз хоёроо мартчихдаг. Шал бол байнга дулаахан байж байдаг юм шиг боддог. Тааз нь өндөрт, хүрэхгүй болохоор дулаалахад хэцүү гэсэн. Уг нь энгийнээр хэлэх юм бол дээрх дурдсан хэсгүүдэд нэг төө дулаалга л хэрэгтэй. Нэг төө гэдэг маань ойролцоогоор 20см шүү дээ.
-Ийм шийдэл байгаа ч асуудал шийдэгдэхгүй байгааг юу гэж харж байна вэ?
-Эрчим хүчний асуудал ЭХЯ-ны харьяа л даа. Гэхдээ утааны асуудал бол Хот байгуулалт, орон сууцжуулалтын яам, Байгаль орчны яам гээд бүгд хоорондоо уялдаж ажиллах ёстой. Нөгөө нөгөө талдаа шийдлүүд байгаа ч олон нийтэд хүрч чадахгүй байна гэж би хараад байгаа. Сайжруулсан түлш байна уу, утаагүй зуух байна уу, цахилгаан халаагуур байна уу, газан халаагуур байна уу бүгд хэрэглээ.
Эд нар дээрээ татаас олгоод байх юм бол хэрэглээг дэмжиж байгаа л гэсэн үг. Хэрэглээг дэмжинэ гэдэг чинь урт хугацаандаа зардал буурахгүй, өрхийн орлогод тогтвортойгоор хэмнэлт бий болгохгүй, нийлүүлэлтэд эрсдэл учраад байгаа юм.
Тэгэхээр өөр талаас нь хараад, халаалтыг, дулаалгыг дэмжих бодлого хэрэгтэй. Дулаалгыг дэмжих бодлого бол хэмнэлтийг дэмжих бодлого. Хэмнэлтийг дэмжээд л байх тусам урт хугацаандаа хэрэглээ багасаад л байна гэсэн үг. Зөвхөн Улаанбаатар гэлтгүй Дархан, Эрдэнэт, 21 аймгийн төвийн утааг шийдье гэж байгаа бол төрийн бодлого ийшээ л чиглэх ёстой. Яам, тамгын газрууд хоорондоо уялдаж ажиллах ёстой.
-Таны дурдсан “Бест гэр” стандарт бол аль хэдийн гарчихсан байгаа юм байна. Тэгвэл хэрхэн хангуулж байна вэ?
-Энэ стандартыг Үндэсний Ногоон барилгын Хүрээлэн гэдэг холбоо боловсруулсан юм. Би УИХ дээр “Хот тосгоныг орон сууцжуулахад ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх” ажлын хэсгийг санаачлаад, ажиллаж байгаа. Энэ хүрээнд өнгөрсөн оны 11 сард дөнгөж “Бест гэр” стандартаа журмаар баталсан. Одоо харин барилгын компаниудад, ялангуяа хэмнэлтийг бий болгож байгаа компаниуддаа сурталчлаад, архитектур, инженерүүд, барилгачдадаа таниулаад явна. Барилгын хөгжлийн төв болон Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын яамтай бол тогтмол уулзаж байгаа. Стандартын бодлогоо дэмжиж нэвтрүүлэх, түгээх ажлыг нь төрөөс эрчимтэйгээр сайжруулах ёстой.
-Буцаад эрчим хүчний реформ руугаа оръё. Энэ ажил тэгээд цахилгааны үнэ нэмээд л болох гээд байна уу?
-Төр маань өөрөө ийм ойлголт төрүүлээд байгаа нь харамсалтай. Энийг би Эрчим хүчний сайд эрчим хүчний зохицуулах хороонд хэлээд л байгаа. Эрчим хүчний реформ гэдэг чинь 3 зүйлээс хамаарна. Нэгдүгээрт, үнэ чөлөөлөх асуудал.
Хоёрдугаарт, төр, орон нутгийн өмчит компаниудын хөрөнгийн өгөөжийг нь сайжруулах шаардлагатай. Жишээ нь улсын цахилгаан станцын ажилчдынх нь тоо хувийн цахилгаан станцаас 2 дахин их. Энэ чинь өөрөө үргүй зардал гэсэн үг. Ингээд хөрөнгийн өгөөж нь сайжрахгүй, засаглалын хямрал болчихоод байгаа.
Төр, орон нутгийн өмчит эрчим хүчний хамааралтай 43 компани байна. Бүгд алдагдалтай ажилладаг.
Цахилгааны үнийг нь яахав бодит өртөгтөө нийцүүлж өглөө. Гэхдээ ТӨК-ууд та нар өөрсдөө хөрөнгийн өгөөжөө сайжруулах, ашигтай ажиллах менежментээ сайжруулах ёстой.
За гуравдахь нь хувийн хэвшлийг энэ салбар луу орж ирэхэд төр тогтвортой дэмжлэг үзүүлэх нь тодорхой байх ёстой. Энийг олон улсад хөрөнгө оруулалтын өгөөжөөр голцуу хэмждэг. Манай улс үүнийгээ хэдэн хувь дээр барьж өгөх юм бэ гэдгээ тогтоох ёстой.
Япон, Америкад сүүлийн 10, 20 жил бас эрчим хүчний реформ хийж байгаа. Гэхдээ энэ 2 сэргээгдэх эрчим хүчийг ашигладаг. Анх нэлээн зардалтай байсан. Одоо технологи сайжраад, их хэмжээгээр үйлдвэрлэхээр өртөг нь багасаад, боломжийн болоод байгаа.
Гол нь хувийн хэвшлүүд сэргээгдэх эрчим хүчээ аваад ч юм уу эрчим хүчний салбарт ороод ирэхэд нь төр хэдий хэмжээний хөрөнгө оруулалтын өгөөжийг амлаж чадах юм бэ гэдэг л байна.
Энэ гурвыг цогц байдлаар хэрэгжүүлж байж эрчим хүчний реформ болно.
Олон улсад бол “Эрчим хүчний стратеги төлөвлөгөө” гэж гаргадаг. 3-аас 5 жилийн хугацаатайгаар гаргаад, хөрөнгө оруулагч, ТӨК-ууд, оршин суугч, ААН, хэрэглэгч нар төрийн бодлогыг тодорхой болгож өгдөг.
Энийгээ түргэвчлэхгүй бол одоо яг олон нийтэд болон надад ч төрчхөөд байгаа сэтгэгдэл бол “зүгээр үнэ нэмээд л болоо юм уу” гэдэг асуудал.
-Ер нь реформын ажил үргэлжилж байгаа юм уу?
-Тийм. Эрчим хүчний сайд эрчим хүчний зохицуулах хорооноос асуухад хөрөнгийн өгөөж болон хөрөнгө оруулалтын өгөөж дээрх баримтлах эрчим хүчний стратегаа боловсруулж байгаа гэж хэлсэн. Яг хэзээ бэлэн болох тухай тодорхой хугацаа надад хэлээгүй. Би бол энийг бол ойрын хугацаанд гаргаж, иргэддээ амлалтаа өгөх ёстой гэсэн байр суурьтай байгаа.
Засгийн газар ажлаа хийх ёстой шүү дээ. УИХ-ын гишүүний хувиар би хяналт тавиад, тэднээс мэдээлэл авсан даруйдаа олон нийтэд түгээе гэж бодож байна.
Үргэлжлэл бий.
Сэтгэгдэл үлдээх