Цахилгааны үнийг 30-89 хувь нэмсэн

Ц.Чимэдцэеэ
2025-01-30

Эрчим хүчний зохицуулах хорооноос өнгөрөгч оны 11 дүгээр сарын 15-ны өдөр цахилгааны үнэ тарифыг шинэчилсэн.

Тухайн үед Эрчим хүчний реформын хүрээнд  1 кВт.ц тутам 30 хувиар нэмэгдүүллээ хэмээн мэдэгдэж байсан ч бодит байдал дээр зарим айлын төлбөр 200 хувь нэмэгдсэн тухай асуудал гараад байгаа.

Тэгвэл Төрийн ордонд  өчигдөр (2025.01.29) "Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонгол" зохион байгуулах үеэр Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх "150 кВт.ц хүртэл хэрэглээг 175 төгрөг болгон 30 хувиар, 150-300 кВт.ц-ийн хооронд байгаа хэрэглээг 256 төгрөг болгон 61 хувиар, 300 кВт.ц-аас илүү гарсан хэрэглээг 285 төгрөг болгон 89 хувиар тус тус нэмсэн" хэмээн тайлбарласан.

Айл өрхийн дундаж тариф өмнө нь 140 төгрөг байсан хэмээн Эрчим хүчний зохицуулах хорооноос албан мэдээндээ дурдаж байв.

Эндээс харахад 140 төгрөгийн 30 хувь нь 42 төгрөг. Үүнийг хуучин үнэ дээр нэмэхэд 182 төгрөг болно. Гэтэл энэ үнийн дүнгийн талаар мэдээлэл байхгүй.

Энэ мэтчилэн зөрүүтэй мэдээлэл иргэд хэрхэн хандахаа мэдэхгүй байна. Дээрээс нь ямар аргачлалаар бодож, ийнхүү мөнгөн дүн гаргаж ирсэн нь ч маргаантай. Ямартай ч албан мэдээллээр цахилгааны үнэ 30-89 хувь нэмэгдсэн аж. Дашрамд дурдахад, энэ оны 5 дугаар сараас мөн дулааны үнийг нэмнэ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe