Хоёрдугаар сарын 1-нээс Чингис хаан олон улсын нисэх буудал, Багануур, Багахангай чиглэлээс бусад чиглэлд нийтийн тээврээр 1000 төгрөгөөр зорчих зохицуулалт хэрэгжиж эхэлнэ. Шинэ зохицуулалтаар иргэд өдөрт 1000 төгрөг төлөөд чиглэл харгалзахгүй, цагийн хязгааргүйгээр өдөрт дөрвөн удаа зорчих аж. Өөрөөр хэлбэл, тухайн чиглэлдээ ч дахин дамжин сууж болно. Өмнөх зохицуулалтаар буюу “30 минутад багтан дамжин суух” шаардлагагүй болно гэсэн үг. Үүнтэй холбогдуулан Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээлэл хийлээ.
НТБГ-ын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга З.Цэвээндорж:
-Нийтийн тээврээр зорчиход Улаанбаатар смарт карт унших төхөөрөмж болон бүх төрлийн арилжааны банкны карт унших төхөөрөмжүүд хэвийн ажиллаж байгаа.
Нийтийн тээврийн газартай хамтран гаргасан арилжааны 4 банкны NFC дэмжигч картаас бусад банкны картаар үйлчлүүлбэл дамжин суух эрхгүй буюу 1000 төгрөгөөр өдөрт 4 удаа зорчих боломжгүй.
Дамжин суухдаа зөвхөн зориулалтын Улаанбаатар смарт карт ашиглах бөгөөд зорчигч нийтийн тээврээс буухдаа картаа уншуулж байж дамжин суух боломжтой юм. Улаанбаатар смарт карт нь биет болон биет бус хэлбэрээр борлуулагдана. Биет бус картыг “UBcard” апплейкэшн ашиглаж QR код хэлбэрээр ашиглана. Харин биет картыг Улаанбаатар хотод суурилуулж буй 100 киоск машинаар борлуулна гэв.
Өөрөөр хэлбэл, иргэн өдөрт дөрвөн удаа зорчиход 1000₮ байх буюу тухайн өдрийн эхний зорчилтод карт уншуулахад шууд 1000₮ татагдана.
Нийтийн тээврийн хоёр систем хэрэгжиж байгаа ба U-money картаа цэнэглээд ашиглах нөхцөл хэвээр юм. Мөн Хас, Хаан, Голомт, Худалдаа хөгжлийн банкны U-Money хамтарсан картаар төлбөр төлөх боломжтой.
Төлбөрийн шинэ систем нь картаа худалдаж аваад уншуулах боломжтой. Нийслэлд 100 байршилд киоск машин байршуулсан ба тэнд картаа худалдаж авах болон цэнэглэх үйлчилгээг үзүүлж байна. Хэрэв карт авахгүй гэвэл нэг удаагийн QR кодоор цэнэглэж, автобусандаа уншуулж болно.
Киоск төхөөрөмжөөс авч болох үйлчилгээ:
• 3600 төгрөгөөр Ubcard худалдан авах, картаа цэнэглэхдээ Qpay, Social pay, банкны пос машиныг ашиглах,
• UBcard карт авахгүйгээр нэг удаагийн QR кодтой тасалбар худалдан авч, төлбөрийг Qpay, Social pay, банкны пос машинаар төлөх боломжтой
UBcard аппликейшний давуу тал, боломжууд:
• QR кодоор төлбөр төлөх,
• Зорчилт, цэнэглэлтийн түүхээ харах,
• Ашиглаагүй үлдэгдлээ шилжүүлэх,
• Ubcard картыг заавал үйлчилгээний цэгт очилгүйгээр дурын газраас өөрөө цэнэглэх,
• Нийтийн тээврийн үйлчилгээний чиглэл, зогсоол, цагийн хуваарийн талаар мэдээлэл авах,
• Тухайн автобусны зорчигчийн дүүргэлтийг харах,
• Замчлуулах,
• Нийтийн тээвэртэй холбоотой санал, хүсэлт, гомдол илгээх,
• Нийтийн тээврийн үйлчилгээний талаар шинэ мэдээллийг хүлээн авах боломжтой.
Ташрамд, 2024 онд 149 сая зорчилт хийсний 8,5 сая нь бэлэн мөнгөөр зорчсон байсан.
Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн картад өөрчлөлт байхгүй. Харин оюутнуудын хөнгөлөлттэй карт хүчингүй болж, 1000 төгрөгөөр зорчих юм.
Сэтгэгдэл үлдээх