ХӨСҮТ-өөс томуугийн дэгдэлт болон менингококкт халдварын талаар мэдээлэл өглөө.
Томуугийн дэгдэлтийн хувьд хичээл сургууль эхэлсэнтэй холбогдуулан нэмэгдэх эрсдэлтэй байгаа тул хүүхдэдээ шим тэжээлтэй хоол өгч, амны хаалтын тогтмол зүүлгэх шаардлагатай гэж зөвлөж байна.
Харин менингококкт халдварын хувьд 2025-2026 оны дэгдэлт өндөртэй жил байх болно гэж мэдээлэв. Учир нь, уг халдварын дэгдэлт 5-10 жилийн үечлэлтэй дэгддэг юм байна.
Менингококкт халдвар нь хоёр төрлөөр халдварладаг аж. Эхнийх нь тархины гадар бүрхүүлийн үрэвслийн шинж. Энэхүү халдварын үеэр ухаан санаа балартаж, хүчтэй өвдөх, татах, хэт өндөр халуурах зэрэг шинж илэрдэг байна.
Хоёр дахь хэлбэрийн халдвар нь арьсан дээр цусархаг тууралт гарч, хордлогын шокоор хүндэрдэг. Энэ хэлбэр бол хөнгөн, дунд, хүнд, нэн хүнд ангилалтай. Энэхүү халдварын нэн хүнд хэлбэрээр өвдсөн бол бөөрний дээд булчирхайд үхжилт өгч, 100 хувь нас барах эрсдэлтэй. Цахилгаан менингит гэж ярьдаг нь энэ халдвар юм. Биеийн байдал цагаар бус минутаар хэмжигддэг хүнд өвчин аж.
Менингококкт халдвараар Налайх дүүрэгт нэг хүүхэд өвсөн талаар ХӨСҮТ-өөс мэдээлэхдээ "Налайх дүүрэгт гарсан өвчлөл бол эмчид үзүүлэх, эмнэлэгт хандах гэж цаг хугацаа алдсан байсан. Биеийн байдал маш хүндэрсэн байсан. Ингээд эмч нар очиж ажиллаж, эрчимт эмчилгээний тасагт шилжүүлсэн. Хүүхдийн биеийн байдал маш хүнд байсан. Менингитийн халдвар тээж явдаг хүн бас бий. Том хүний хувьд өөрөө өвдөхгүйгээр халдвар тараах эрсдэлтэй байдаг тал бий. Мөн менингитийн халдвар авсан насанд хүрэгчтэй хавьтал болсон тохиолдолд тусах эрсдэлтэй байна. Менингитийн халдвар авсан хүний 15 хувь нь нас барах эрсдэлтэй, цахилгаан менингитээр хөнгөн өвдсөн бол 40 хувь нь нас барах эрсдэлтэй, нэн хүндээр өвдсөн бол 95-100 хувь нь нас бардаг маш хэцүү өвчин юм" гэлээ.
Налайх дүүрэгт өвдсөн хүүхдийн ойрын хавьтлуудаас халдвар илрээгүй байна. Ойрын хавьтлууд одоо өрхийн эмнэлгийн хяналтад антибиотикийн эмчилгээ хийлгэж байгаа аж.
Хэрхэн дархлаажуулдаг вэ?
Энэхүү халдварт товлолт вакцин байдаггүй. Гэхдээ 2-оос дээш насныхан өөрсдийн санаачилгаар вакцинд хамрагдах боломжтой.
Сэтгэгдэл үлдээх