АНУ-ын нийслэл Вашингтоны ойролцоо Американ Эйрлайнс компанийн Канзас мужийн Вичита хотоос хөөрсөн зорчигч тээврийн онгоц цэргийн нисдэг тэрэгтэй агаарт мөргөлдсөн томоохон осол лхагва гаргийн орой 21 цагийн үед гарсан. Онгоцонд АНУ, ОХУ-ын шилдэг уран гулгагчид зорчиж явсан байна. Нисдэг тэрэг нь Виржиниа мужийн Форт Белвуарт байрлах багийнхантай бэлтгэлийн нислэг хийж байжээ. Онгоц нисдэг тэрэг мөргөлдөж Потомак голд унасан юм.
Потомак голын ус тэсгим хүйтэн байгаагаас гадна аврагчид аврах ажиллагааг явуулахад өндөр эрсдэлтэй байгааг Үндэсний тээврийн аюулгүй байдлыг хамгаалах газраас мэдэгджээ. Нисдэг тэрэг болон зорчигч тээврийн онгоцууд голд унаад нилээд хугацаа өнгөрсөн тул ослоос амьд хүн үлдсэн гэх найдвар тасарч байгаа юм. Өөрөөр хэлбэл осолдож голд унасан нийт 67 хүн амь үрэгдсэн гэж үзэж байна.
Осолдсон зорчигч тээврийн онгоцон дотор Бостоны уран гулгалтын клубын шилдэг баг тамирчид, дасгалжуулагчид, гэр бүлийнхэн нь гээд 14 хүн байжээ. Тус клубын захирал Даг Зегибе клубын зургаан гишүүн онгоцонд байсныг албан ёсоор мэдээлсэн байна. Тэдний дунд ОХУ-ын уран гулгалтын дэлхийн аварга хос гулгагчид болох Евгения Шишкова, Вадим Наумов нар байжээ. Евгения Шишкова, Вадим Наумов нар 2017 оноос хойш Бостоны уран гулгалтын клубт багш дасгалжуулагчдаар ажиллаж эхэлсэн байна. Уран гулгалтын баг тамирчдаас гадна Виржиниагийн Фэйрфакс сургуулийн гурван сурагч, зургаан эцэг эх Вичитагаас хөөрч Потомак голд осолдсон онгоцон дотор байжээ.
Пүрэв гарагийн өглөө Рейган Үндэсний нисэх онгоцны буудлаас нислэгүүд сэргэв. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп харамсалтай осол гарсанд эмгэнэл илэрхийлсэн бөгөөд тэрээр агаарын замын хяналтын цамхагт ажиллах хүч дутмаг байсан нь өмнөх засаглалын буюу Жо Байдены үеийн эрх баригчдын гаргасан алдаа гэж зэмлэн буруутгажээ.
Сэтгэгдэл үлдээх